
Ирэх өдрүүдийг бид “Ухаа худаг” болон “Төгрөг нуур” гэсэн хоёр том хэрүүлийн сэдэвтэй өнгөрүүлнэ. “Ухаа худаг” гэдэг дуулиан дэгдэж MCS, Ж.Оджаргалаар дамжиж МАН руу цагаан сарын өмнө багагүй довтолсон. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэж “Төгрөг нуурын орд”-оор МАН-ынхан Х.Баттулгад хариу барив.
Тэгвэл энэ бүгдийн ард ямар улс төр өрнөж буй талаар эрүүл ухаанаар нэг эргэцүүлж хамтдаа таамаг дэвшүүлцгээе.
НЭГ, Ардын нам У.Хүрэлсүхийг дахин Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажлаа эрчимжүүлж байна
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил өнгөрсөн намар эхэлсэн. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулиас багадаа зургаан сарын өмнө Үндсэн хуулиа өөрчилж У.Хүрэлсүхэд дахин нэр дэвших боломжийг атгуулах ёстой. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль үндсэндээ дахин нэр дэвших боломж ба сонгууль гэсэн хоёр том хэсгээс бүрдэнэ гэж ойлгох нь зөв.
Өнөөдөр өрнөж байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөрчил ч үүнтэй холбоотой. Ах нараа ээлж дараалан “тэтгэвэрт” гаргачихаад Ардын нам дахь он жилүүдээ багадаа 15 жилээр зурах төлөвлөгөөтэй Л.Оюун-Эрдэнэд одоогийн жанжин дахиад 6 жил ноёрхлоо үргэлжлүүлнэ гэдэг хүнд тусах нь ойлгомжтой. Тэр дахиад 6 жил У.Хүрэлсүхийн үүдийг сахиж, Ерөнхийлөгчийн хаалганы цаана засаг байгуулах, нэр дэвшүүлэх, улс төрийн шийдвэр гарна. Өнөөдөр амьдрал дээр У.Хүрэлсүх шиг улс төрийн бяртай хүн Засгийн газар, УИХ, Ардын нам дотор ч алга. Тиймээс түүнийг явах цагтаа яваасай гэж Л.Оюун-Эрдэнэ ил хэлэхгүй ч далд үйлдлүүдээрээ ёворч суух нь улс төрийн энгийн хууль.
Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ дээр түлхэж өгөх гол хүн нь спикер. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд Ерөнхий сайд болон УИХ-ын дарга нар зөрчилдөх шиг болсон. Гэхдээ ганц нэг үгний цаана Ардын намынхан Ардчилсан намынхан шиг салам зодолдохгүй. Доогуурх хүмүүсээ дэлбэ жийлцэж байгаад дээгүүрээ ганц хундаганы ард намынхаа эрх ашиг дээр ойлголцоод явчихдаг тогтсон жаягтай улс.
Энэ жаягаар “Ухаа худаг”-ын ордоос нь болоод Л.Оюун-Эрдэнийн талынхантай спикер муудалцаад амжсан. Гэхдээ зөвшилцлийн хүрээнд энэ долоо хоногт уг хэрүүлтэй тогтоолыг УИХ хүлээж авах сурагтай байна. Эдгээр үйлдлүүдээс харахад спикер Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийг дахиж сонгогдох боломжийг нээхэд дургүйцэхгүй байгаа нь уншигдаж байна. Ер нь Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүн улс төрийн хувьд ч ашиг сонирхлын хувьд ч, хийж ирсэн үйлдлүүдийнхээ хувьд ч салж чадахгүй дүрүүд. Тиймээс тэр эцсийн өмчид найзыгаа биш У.Хүрэлсүхийг сонгох байх. Үүнийгээ “Намаа 2027 онд ялуулах тулд өөр аргагүй” гэж хөшигний ард тайлбарлах биз.
ХОЁР, У.Хүрэлсүхийн замаас Х.Баттулгыг хоёр дахь удаагаа зайлуулах гэж байна
У.Хүрэлсүхэд дахин дэвших боломж олгох юм бол Х.Баттулгад ч гэсэн боломж энэ үүд нээгдэнэ. Бүр Ц.Элбэгдорж, Н.Багабанди, Н.Энхбаярт ч боломж гарна. Гэхдээ энэ хэд улс төрийн хувьд боломжгүй. Харин одоо цагийн улс төрд алхаж яваа Х.Баттулгад бол ийм боломж бий. Ер нь У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг дуэль болоход галтай, дөлтэй ширүүхэн нанчилдаан болох биз. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгад маш эвгүй өрсөлдөгч. Ардын намынхан бүгд үүнийг мэдэж байгаа. 2017 онд Х.Баттулгыг тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд “захиалсан” талаарх агуулгыг С.Баяр номдоо цухуйлгачихсан байдаг. Өөрөөр хэлбэл, захиалсан хүндээ МАН ялагдсан гэсэн үг. Мэдээж МАН дотроосоо эсрэг ажилласан ч Х.Баттулгын масс руу хүрдэг чадвар ийм эвгүй. Нэмээд хойд айлаас ч орж ирдэг гэх дэмжлэгийг ч дийлэхгүй. Яг таг батлагдаагүй ч гэсэн 2 сая сонгогчтой Монгол байтугай 240 сая сонгогчтой дэлхийн жанжлагч гүрний сонгуулийг хойд айл шийдсэн гэдэг олон таамаг байдаг. Өөрөөр хэлбэл, маш аюултай өрсөлдөгч бол Х.Баттулга юм.
Тиймээс Х.Баттулгыг болон “хөтөлгөө морь”-ийг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гаргах ёстой. Үндсэн хуулиа өөрчилж дахин дэвших боломжоо нээчихээд “гудамж”-д гаргавал У.Хүрэлсүх болон Ардын нам улам муухай харагдана. Тиймээс Үндсэн хууль өөрчлөхөөс өмнө Х.Баттулгыг хийсэн муу муухай, бузар булайг гарган тавьж нийгмээрээ жигшүүлж, хуулийн байгууллагад аваачиж “гэзэг ороолгох” нь хамгийн зөв шийдэл юм.
Ингэхийн тулд аль арваад жилийн өмнө ил болгочихоод хаячихсан байсан “Төгрөг нуурын орд”-ыг өнөөдрийн сэдэв болгож буй юм. “Үгүй” гэвэл яагаад өнөөдөр хүртэл арван жил Ардын нам хуруугаа ч хөдөлгөхгүй явж ирсэн бэ гэдэгт хариулт өгөх хэрэг гарна. Н.Учрал сайд Х.Баттулгын мөнгө угаасан, татвар нуун дарагдуулсан болон бас бус гэмт хэргийн шинжтэй зүйлүүдийг нь баримтаар нотлоод АТГ-т хүргүүлж байгаагаас харахад тултал явах нь ойлгомжтой харагдаж байгаа юм. Одоо Ерөнхий сайд шахаанд орсон. Намаа сонгоод Х.Баттулгыг хаяхаас өөр хувилбар байхгүй тул Н.Учрал сайд шууд ЗГ-ын нэрээр АТГ-т Х.Баттулгыг шалгуулахаар өгч буй юм.
Одоо хэрэг явдал улам бүр даамжирч Х.Баттулгыг бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүртлээ асуудал өрнөнө. Ингээд яллагдагч, эх орноо зарсан гэх автортай Х.Баттулгад Ерөнхийлөгчийн сонгуульд жин дарж оролцох боломж үлдэхгүй.
Үүний цаана ард түмэнд үлдэх ганц хожил нь эх оронч Х.Баттулгынхаа үнэн дүрийг олж харах явдал л юм. Бусад нь бүгд Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан “зураг төсөл”.
ГУРАВ, Ардын намынхан цэцээр дахиад ХАРДКОР ажлаа хийлгэж, АН-ыг ашиглана
Нэгэнт У.Хүрэлсүхийг Ардын нам дахин нэр дэвшүүлж, замаас нь Х.Баттулгыг хоёр дахь удаагаа зайлуулах гэж байгаа юм бол дахин нэр дэвших боломжоо хэрхэн хуулиар баталгаажуулах вэ.
Үүнийг хийхдээ хоёр замаар дамжуулах байх. Эхнийх нь, АН-ын генсек Н.Ганибал, Ш.Адьшаа нар “давхар дээл”-ний хязгаарлалтыг авч хаяж улмаар ҮХНӨ-ийг явуулах суурийг тавьсантай адил АН-аар “могой бариулна”. Энэ удаад сонгогдсон этгээд нь О.Амгаланбаатар тэргүүтэй АН-ын гишүүд байх хувилбар ажиглагдаж эхлэв. Энэ нь Цэцэд өгөх гомдол эсвэл бүр гишүүний хувиар санаачлах ажил ч байж мэднэ. “Могой жилд хоёр ч Ерөнхийлөгч сунгагдаж байж” гэсэн О.Амгаланбаатарын яриа зүгээр нэг буу халалт биш. Нөхцөл байдал тэр зүг явсны дохио. Энэ хэрэг явдалтай зэрэгцээд О.Амгаланбаатар, Б.Түвшин нарын сонгуульд ажилласан иргэд “сонгогч мөнгөөр татаж, санал худалдаж авсан” гэх хэрэг зүгээр ч нэг үүсчихээгүй нь лавтай. Ерөнхийдөө МАН-ынхан иймэрхүү зүйлдээ төгс гэхэд хилсдэхгүй.
Хоёр дахь нь ҮХЦ. Цэц бол нэгэнт эрх мэдэлтнүүдийг улаан гараараа хийж чаддаггүй хамгийн шившигт үйлдлүүдийг өмнөөс нь хийж өгдөг газар. Одоо Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрх дуусаж буй. Тиймээс УИХ-аас оруулах Цэцийн шинэ гишүүн нэлээн ач холбогдолтой гэсэн үг. Ингээд Цэцийн даргын асуудал дахин нэр дэвших үнэ цэнэтэй яагаад ч юм давхцаж буйг та бүхэн анхаарч үзэх байх.
Өөрөөр хэлбэл, Цэц дээр очсон байгаа Э.Хишигсүрэн, С.Номынбаясгалан зэрэг хүмүүсийн мэдээллийг шийдээд араас нь АН-ынхнаар санаачлуулж УИХ асуудлыг шийдэхийн тулд зүгээр л “ажлаа” хийх байх.
ДӨРӨВ, Х.Баттулгыг замаасаа “зайлуулсан” МАН-ынхан АН дээр “Эрдэнэ 0.2” төслийг хэрэгжүүлж, бусад намаас АН-ын гаралтай нөхдүүдийг дэвшүүлж чадна
Ийм хэмжээний заваарал, завхайрлыг хийсэн Ардын намынхан, тэр дундаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгч 2027 онд сонгогдож чадах уу. Яалтчгүй асуугдах ёстой асуулт. Тиймээ. Иргэд дургүйцнэ. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлээ хамгаалахын тулд “Давхар дээл”-ний хязгаарыг авч хаяж байхад хэн ч эсэргүүцээгүй. Дараа нь сонгуулиар хэн ч үүнийг сөхөж, зарчим асуугаагүй. ЖДҮ, нүүрсний хулгай, зургаан сарын өмнөх утаа униараа хүртэл бид мартдаг. Бүх цаг үеийн сонгуулиуд үүний баталгаа. Дээр нь нэмээд Ерөнхий прокурор, АТГ-ын дарга гээд бүхий л хуулийн байгууллага Ерөнхийлөгчийн хүмүүсээр жигдэрчихсэн байна. Ийм байхад эсэргүүцээд чардагнах гишүүн байвал гараад ир гэж хэл.
Ингээд сонгууль болоход Ардын нам сонгогчдоо хага базаад орно. Ардын намд үнэнч санал өгдөг нийт сонгогчдын багадаа л 30 хувь бий. Саяын нийслэлийн сонгууль шиг Ардын намаас өөр сонголтгүй байхад дургүйцсэн иргэдийн ирц буурна. Ирц буурах тусам хатуу масстай МАН-д эерэг нөлөө үзүүлнэ. Хамгийн хортой нь 2021 он шиг “Эрдэнэ 0.2” төслийг хэрэгжүүлж, Лу.Гантөмөрийг АН-аас нэр дэвшүүлэх байх. Гол өрсөлдөгч Х.Баттулгыг яллагдагч болгоод замыг хаачихна. Сэрүүн зүүдэндээ жаргаж яваа С.Ганбаатарт Х.Баттулга байхгүй бол АН-аасаа ч гарахгүй. Н.Алтанхуягт Хөгжлийн банкны хэргийг нь сэргээгээд оны өмнө “наачихсан”. Сонгуулийн нэр дэвшилт хүртэл гурван шатны шүүх хурал болж амжихгүй. Яллагдагч хүн нэр дэвшихгүй. Дургүй хүргэж өрвөлзвөл эргүүлж татна гээд оволзуулна.
Нэмээд ХҮН нам, ИЗНН намаас АН-ын гаралтай этгээдүүдийг нэр дэвшүүлчихсэн байхад АН-ын санал хэдэн хэсэг хуваагдана. Харин Н.Номтойбаярын эвслээс нэр дэвшсэн хүн МАН-ын саналаас хуваах тул эвслийн нэр дэвшигч яах вэ гэдэг эцсийн мөчид шийдэгдэх байх.
Үүнээс гадна тоон дээр анализ хийхэд өнгөрсөн 9 удаагийн парламентын сонгуулиар ардчиллын төлөөх намууд эвсэж орсон 1996, 2004 оны сонгуулиудад МАН-аас илүү гарч эсвэл адил хэмжээний суудал авсан байдаг. Харин 2012 онд МАН-ыг МАХН гэж хуваасны дүнд арай гэж АН олуулаа болсон. Өөрөөр хэлбэл, Монголын сонгогчдын ерөнхий дүр зураг МАН бас бусад гэсэн байдлаар сонголтоо хийдэг. Тиймээс АН-аас Лу.Гантөмөр мэтийн сул нэр дэвшигч “захиалж”, бусад намаар АН-ын саналыг нь хуваах зарчим баримтлахад Ардын намд ялалт ирэх магадлал өндөр болно гэсэн үг.
Хамгийн чухал нь У.Хүрэлсүх гэдэг дүр өөрөө олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дүр. Түүнд таагүй ханддаг хүн байдаг ч дэмждэг нь багагүй. Ерөнхийлөгчөөр ажиллахдаа гадаад харилцааны бодлого дээр ахиц дэвшил гаргасан, “Тэрбум мод” тэргүүтэй элдэв санаачилга гаргасан. Эв нэгдлийг спорт, урлагийн олон салбарт бий болгосон, хүнсний хувьсгал, цагаан алт гээд эерэг PR хийх олон сэдэв түүний гарт байна.
Тиймээс, У.Хүрэлсүх хэрвээ дахин нэр дэвшсэн нөхцөлд “иргэд эсэргүүцээд унана” гэдэг бол нэгдүгээр ангийн хүүхдийн гэгээн цагаан, гэнэн тэнэг бодол юм шүү.
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (15)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!