Монголд залуу хүн байх хамгийн хэцүү. Залуу хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, залуу хүн ажлаас чөлөө авч болохгүй, залуу хүн өвдөх эрхгүй гэх мэт хэвшмэл ойлголт Монголын нийгэмд тогтоод удаж байна. Залуу хүн ч гэсэн өвдөх, ядрах эрхтэй. Ер нь хэн нэгний бие өвдөхөд нас огт хамаагүй. Дурандаа биш өвдсөндөө эмнэлэгт хэвтэхэд хүртэл өрөөний настайчууд "Залуу хүүхэд" гэх нэрийн дор гар хөлийн үзүүрт зардаг бичигдээгүй хууль үйлчилсээр байна. Жишээлбэл, "Алив миний хүү/охин босоод хоол, цай хийгээд өг, аяга угаачих, эргэлтээр ирсэн юм авиад ир" гэх мэт. Мэдээж эхний удаа зараалд нь явж ирнэ. Гэвч энэ үйлдэл нь байнга давтагдахаар залхана. Өөдөөс нь эсэргүүцвэл "Одооны хүүхдүүд хүмүүжилгүй, бидний үед ийм байгаагүй" гээд уурсаад эхэлнэ.
Ер нь л манай настайчууд танхай. Автобусанд хүүхэд сууж байгааг харсан даруйдаа л очиж “Бос” гэж дээрэлхэх ахимаг насныхан, ахмадуудтай олон таарч байлаа. Ахмад настанд суудал тавьж өгөөгүй бол адгийн муу хүн болох нь автобус доторх "амьдрал"-д хэвийн л зүйл. “Одооны залуус ухамсаргүй. Худлаа нүдээ аньж унтсан дүр эсгэнэ. Аль эсвэл сонсоогүй юм шиг жүжиглэнэ. Ахмадуудаа хүндэлнэ гэж байхгүй болжээ” гэсэн яриаг сонсоогүй хүн байхгүй биз ээ. Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хамгийн их эрх нь зөрчигддөг хүмүүс бол хүүхдүүд. Цүнхээ дааж ядан явах сурагчдыг ахмадууд зүгээр л хөөгөөд босгочихно.
Социалист үеийнхэнд 1964 оноос өмнө төрсөн насныхан багтана. Социалист үеийнхэн бол хуучинсаг үзэлтэй, ардчилсан нийгэмд амьдарч байгаа боловч үзэл бодлын хувьд хэвшмэл социалист хэв маягтай. Төр, нам, институцэд итгэх итгэл өндөртэй хүмүүс.
Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Туулсан түүхээ харахаар хагас нүүдэлчин амьдралын хэв маягаас социалзимын үе рүү шилжихээр хүний эрхийн ойлголт харилцан адилгүй суурьтай байсан гэсэн үг. Социалзимын үед бүгдийн эрх, хамтын эрхийг ярьдаг байлаа. Хамтаараа, нийгмээрээ, хөдөлмөрчдөөрөө, малчдаараа гэж ярьдаг нийгэмд хувь хүний эрх гэх үзэл товойх боломж байсангүй, ийм байхыг хориглодог байсан үе шүү дээ. Энэ суурь нь хувийн халдашгүй байдал, хүний эрхийн ойлголтын хөгжлийг олгоогүй юм болов уу даа" гэв.
Э.БУРАМ
Сэтгэгдэл (25)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!