"TOM EGCH" пэйж хуудсанд хоолны бичлэгээ нийтэлж, "CAMI" шиг контент бүтээгч болохыг мөрөөддөг 6 НАСТАЙ ОД ТОГООЧ О.САЙНСАНАА-гийн гэр бүлийг UBN сайт энэ удаагийн ЭЕРЭГ буландаа онцолж ярилцлаа.
О.Сайнсанаа охин одоогоос 4 сарын өмнө ээжийнхээ тусламжтайгаар "TOM EGCH" пэйж хуудсаа нээж, өөрийнхөө хийсэн хоолны бичлэгийг нийтэлж эхэлсэн. Түүний пэйж хуудсыг өнөөдрийн байдлаар 88 мянган хүн дагаж, хоолны бичлэгүүдийг нь сая, сая хүн үздэг болжээ.
О.САЙНСАНАА: ГЭРЭЭСЭЭ ГАРАХААР ХҮМҮҮС ТОМ ЭГЧ БАЙНА ГЭЭД ЗУРГАА АВХУУЛДАГ
Ярилцлагынхаа эхэнд бид О.Сайнсанаагаас зарим зүйлийг тодрууллаа.
- О.Сайнсанаа хэдэн настай вэ?
-Сайн байна уу. Намайг О.Сайнсанаа гэдэг. Би зургаан настай.
-Чи ямар хоол хийх дуртай вэ?
-Би шпагети, цуйван, гурилтай шөл, стүүжин, лазанья хийх дуртай.
-Чамайг хүмүүс гадуур явахаар таньж байна уу. Юу гэж байна?
-Зөндөө олон хүмүүс таньж байгаа. Хөөе, хөөе нөгөө том эгч байна гээд зургаа авхуулдаг.
-Сургууль дээр нь хүүхдүүд юу гэж байна?
-Сургууль дээр очихоор хүүхдүүд чи өөрөө хоолоо хийж сурсан юм уу гээд байдаг. Би асуултад нь “Ээж хоол зааж өгдөг юм аа” гэдэг. Тавдугаар ангийн, долоодугаар ангийн том эгч нар бөөнөөрөө зургаа авхуулдаг. Намайг тайван хувцсыг маань солиулахгүй, зураг авах гээд байдаг.
О.САЙНСАНААГИЙН ААВ: ОХИНЫХОО ПЭЙЖИЙГ 4-ХЭН САРЫН ХУГАЦААНД 84 МЯНГАН ДАГАГЧТАЙ БОЛНО ГЭЖ ТӨСӨӨЛӨӨГҮЙ
Харин дараа нь бид О.Сайнсанаагийн аав Х.Одгэрэл, ээж А.Булганхишиг нартай ярилцлсан юм.
-Охиныхоо "TOM EGCH" пэйж хуудсыг хэзээнээс ажиллуулж эхэлсэн бэ?
О.САЙНСАНААГИЙН ААВ Х.ОДГЭРЭЛ: 2024 оны 12 дугаар сарын 25-наас пэйжийг нь нээгээд бичлэгээ хийж эхэлсэн. Манай эхнэр л бүх юмыг нь хийж байна. Би анх бол эсэргүүцэж байсан.
Анх эсэргүүцэж байсан шалтгаан нь юу юм бэ?
О.САЙНСАНААГИЙН ААВ Х.ОДГЭРЭЛ: Охин хүүхдийг тэгж олны өмнө гаргаад дэмий гэж бодож байсан учраас аав хүнийхээ хувьд эсэргүүцсэн. Сүүлдээ эхнэр, охин 2 маань дуртай байхад нь тас эсэргүүцээд байж болохгүй байсан учраас зөвшөөрсөн. Одоо бол бүр ажилтан нь болчихсон явж байна шүү дээ.
-Яагаад пэйж нээж, охиныхоо хоол хийж байгаа бичлэгийг оруулах шийдвэрийг гаргасан юм бол?
О.САЙНСАНААГИЙН ЭЭЖ А.БУЛГАНХИШИГ: Миний охин гэрийн ажилд их сайн. Надад сайн тусалдаг. Тэрийг нь хараад нээрээ охиноороо дамжуулаад бусад хүүхдүүдэд үлгэрлэж болох юм байна гэдэг санааг гаргасан. Энэ талаараа охинтойгоо ярилцаж байгаад анх эхэлж байсан. Миний охин ч гэсэн анх хүлээж авахдаа аягүй дуртай зөвшөөрч хүлээж авсан. Бид 2 анх эхлэхдээ л үе тэнгийнх нь найз нөхөд, ах эгч нарт нь гоё эерэгээр нөлөөлсөн пэйж байгаасай гэж бодсон юм.
-Одоо хэдэн дагагчтай болсон бэ. Бичлэгүүдийг нь их олон хүн үздэг болсон байсан?
О.САЙНСАНААГИЙН ААВ Х.ОДГЭРЭЛ: 4 сарын хугацаанд маш олон дагагчтай болсон. Миний төсөөлөлд ч байгаагүй зүйл болсонд би их гайхсан. Өнөөдрийн байдлаар 84 мянган мянган дагагчтай болчихсон байна. Хамгийн их үзэлтэй явсан бичлэг нь бол нэг стүүжин хийж байгаа бичлэг байдаг. Тэр бичлэг бол аймар их лайк, шэйр авсан. Хамгийн их комменттой байгаа бичлэг. Миний морь унаж байгаа зургаа тавиад хэдэн найзуудыгаа лайк дарж байна уу гэж бүртгэхээс өөр гэдгийг тэгэхэд л мэдэрсэн. Би бол анх тэрүүгээрээ л төсөөлж байсан.
О.САЙНСАНААГИЙН ЭЭЖ: “ЧИ ЧАДАХГҮЙ, БОЛЬ” ГЭЖ ОХИНДОО НЭГ Ч УДАА ХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ
-Зургаахан настай хүүхэд хутга бариад мах хэрчиж, ногоо арилгаад мэргэжлийн тогооч шиг хоол хийнэ гэдэг нүдээрээ л үзээгүй бол итгэмгүй санагдаад байгаа юм. Охиноо яаж ингэж ажилд сургасан юм бэ гэж асуумаар санагдаад байсан юм?
О.САЙНСАНААГИЙН ЭЭЖ А.БУЛГАНХИШИГ: Пэйж дээр аягүй олон хүн яаж хүүхдээ ингэж төлөвшүүлсэн бэ гэж асуудаг. Чи сурах ёстой гэж зааж сургасан зүйл байхгүй. Миний охин 3 настайгаасаа эхлээд намайг юм хийхээр л дуурайгаад аяга угаана, төмс арилгана гээд байдаг байсан. Тэр үед нь би огт хориглож байгаагүй. “Чи чадахгүй. Боль” гэж нэг ч удаа хэлж үзээгүй. Дутуу угаасан ч хамаагүй хүслээр нь хийлгэсэн. Мэдээж дараа нь өөрөө дахиж угаадаг байсан. Тэр их нөлөөлсөн байх гэж боддог. Хог шүүрдэх гээд зэрэгцээд зүтгээд байвал шүүр өгчихдөг байсан. Бүх хогоо орон доогуур оруулсан ч хамаагүй шүүрдүүлээд л байсан. Тэгж байгаад өөрөө сурчихдаг юм байна лээ. Одоо бол миний охин ямар асуудалгүй ээждээ тусалдаг. Саяхан намайг унтаж байхад дүү нь сэрсэн байгаа юм. Намайг сэрээхгүй гээд дүүгээ хажуунаас аваад дүүгээ харангаа гэрээ цэвэрлэчихсэн байсан.
-Ээж нь ямар мэргэжилтэй хүн бэ. Хүүхэдтэйгээ маш зөв харьцаж, зөв арга барилаар сургаж чаддаг юм шиг санагдлаа?
О.САЙНСАНААГИЙН ААВ Х.ОДГЭРЭЛ: Миний хань цэцэрлэгийн багш. Тийм ч учраас хүүхдийнхээ хөгжил тал дээр нь илүү ажиллаж өгсөн байх гэж боддог.
-Цахим орчноос ирдэг сөрөг сэтгэгдлүүдийг яаж хүлээж авдаг вэ?
О.САЙНСАНААГИЙН ЭЭЖ А.БУЛГАНХИШИГ: Мэдээж анх эхлэхдээ тооцоолж байсан. Гэхдээ зургаахан настай охиныг минь элдэв янзаар хэлээд байхыг харах үнэхээр амаргүй юм байна лээ. Бичлэг хийхээ болиод пэйжээ хаах тухай ч бодож байсан. Гэхдээ сөрөг сэтгэгдлийн 90 орчим хувь нь бага насны хүүхдүүд байдаг юм байна лээ. Тэрийг мэдээд гайгүй тайвширсан. Учраа мэдэхгүй хүүхдүүд л атаархсандаа ч юм уу ингэж бичдэг юм байна гэж бодоод нэг их тоохоо больчихсон.
-Ихэвчсэн ямар утгатай сөрөг сэтгэгдлүүд ирдэг вэ?
О.САЙНСАНААГИЙН ЭЭЖ А.БУЛГАНХИШИГ: Хүүхдүүдийн бичдэг сэтгэгдлүүд бол ихэвчлэн доромжилсон сэтгэгдлүүд байдаг. Томчуудын тухайд, “Энэ охинд хүүхэд нас гэж байна уу. Ээж болохыг, айлын эхнэр болоход ямар эрт бэлддэг юм бэ” гэсэн сэтгэгдлүүд их бичдэг. Нөхөр бид 2 охиныгоо чи сурах ёстой, хийх ёстой гэж тулгаж байсан удаа байхгүй. Хийхийг хүссэн зүйлийг нь дэмждэг. Мэдээж өдөр болгон охиноороо хоол хийлгээд байхгүй шүү дээ. Бичлэг хийхдээ л 2-3 хоногт нэг удаа л хоол хийлгэдэг. Тэгэхдээ, өөрийнх нь суръя гэсэн зүйлийг эхлээд зааж өгчхөөд дараа нь тэрийг бичлэг болгоод хийдэг. Мэдээж миний охинд хичээлээ хийх, тоглох цаг хангалттай байдаг. Гэтэл хүмүүс өөрсдийнхөөрөө өнгөц хараад хэт сөргөөр хүлээж аваад байдаг. Гэхдээ бүгд тийм биш. Миний охиныг чин сэтгэлээсээ дэмжиж хайрлаж өхөөрддөг хүн олон бий.
-Тэр сэтгэгдлүүдийг охин харчихвал яах бол гэж айдаг уу?
О.САЙНСАНААГИЙН ЭЭЖ А.БУЛГАНХИШИГ: Хамгийн их айдаг. Цагаан толгойн бүх үсгээ үзээд дуусчихсан Хөөрхөн уншдаг болсон. Тэгэхээр яана аа тийм сөрөг коммент хүлээгээд авах вий дээ гэж их айдаг. Гэхдээ одоохондоо бол сэтгэгдэл рүү дарж, орж чадахгүй. Зөвхөн өөрийнхөө бичлэгийг л үздэг. Сэтгэгдлээ өөрөө уншдаг болохоор нь тодорхой хэмжээнд тайлбарлаж өгнө гэж бодож байгаа. Сайн нь ч байгаа, муу нь ч байгаа. Гэхдээ миний охиныг дэмждэг нь олон байдаг шүү гэдгийг охиндоо ойлгуулна.
О.САЙНСАНААГИЙН ААВ Х.ОДГЭРЭЛ: Сошиал дархлаа гэдэг зүйлийг маш сайн суулгаж өгнө гэж бодож байгаа. Тэрэнд нь ч маш сайн бэлдэнэ. Шаардлага гарвал сэтгэл зүйчтэй уулзана.
О.САЙНСАНААГИЙН ЭЭЖ: “ХЭЛГҮЙ ДА ДА. ЯРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БИЧЛЭГ ХИЙЛЭЭ” ГЭДЭГ СЭТГЭГДЛҮҮД ИХ ИРДЭГ БАЙСАН
-6 настай байж муу ярьж байна гэдэг коммент хаа нэг харагддаг. Үүн дээр та хэр эмзэглэдэг вэ?
О.САЙНСАНААГИЙН ЭЭЖ А.БУЛГАНХИШИГ: Анх эхэлж байхад “Хэлгүй дада. Ярьж чадахгүй байж бичлэг хийлээ” гэдэг сэтгэгдлүүд их ирдэг байсан. Одоо ч хааяа ирдэг. Уг нь миний охин хэлд орохгүй байж байгаад хэлд орсон хүүхэд биш. Бусад найзуудынхаа адилаар ой гарантайгаасаа эхлээд аав аа, ээж ээ гээд өөрийгөө хангалттай ойлгуулаад ярьдаг байсан. Хүүхдэдээ хэт их утас өгсөн ч юм уу, хүүхэдтэйгээ ажиллаагүй, аав ээж нь ярьдаггүйгээс болоод ийм бөөрөнхий хэлтэй болчихсон юм биш. Бид 2 охинтойгоо хангалттай сайн ярилцдаг байсан. Бөөрөнхий хэлтэй болох нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг юм байна лээ. Хэлний хөвч, уруулын дээд талын хөвч богино байх, урт байх, амны хөндий, шүд гэх мэтчилэн аягүй олон шалтгаанаас болдог юм байна лээ.
Хүмүүс “Аав, ээж нь анзаараасай, анхаараасай” гэж байгаа харагдсан. Бид 2 мэдээж мэдэж байгаа шүү дээ. Миний охин бөөрөнхий хэлтэй. Үеийнхэн дундаа муу яриад байгаа шүү гэдгийг хангалттай ойлгож байгаа. Мэдээж явах ёстой газруудаар нь яваад, үзүүлээд, тодорхой хэмжээний хариу аваад, засаад л явж байгаа. Энэ чинь нэг эм уугаад зүгээр болчихдог зүйл биш. Тодорхой урт хугацаанд засагддаг зүйл.
Хоолны бичлэг хийгээд, хоолой уншаад ярьж байгаа нь ч өөрт нь маш их хэрэгтэй. Сайнаар нөлөөлж байгаа. Анх хийж байсан бичлэгүүдээ одоогийн бичлэгүүдтэй харьцуулж харахаар ярих чадвар нь хамаагүй дээрдсэн байна лээ. Тайн уу гэдэг байсан бол одоо сайн уу гээд хамаагүй сайжирсан.
-“О.Сайнсанаа аавтай их адилхан юм аа” гэсэн сэтгэгдэл бас их ирдэг харагдсан?
О.САЙНСАНААГИЙН ААВ Х.ОДГЭРЭЛ: Бид 2-ыг усны дусал шиг адилхан байна гэсэн коммент байнга ирдэг. Угаасаа л адилхан. Манай ээжийн талынхан ийм онигор нүдтэй хүмүүс байда. Энэ бол аймар хүчтэй ген. Манай ээж онигор, би онигор, намайг дуурайгаад охин маань бас онигор. Уг нь аав маань том нүдтэй.
-О.Сайнсанаагийн мөрөөдөл юу вэ?
О.САЙНСАНАА: "CAMI" шиг болно гэж мөрөөдөж байгаа.
О.САЙНСАНААГИЙН ЭЭЖ А.БУЛГАНХИШИГ: Уг нь анх “Би зураач болно” гэдэг байсан юм. Гэтэл бичлэг хийж эхэлснээсээ хойш "CAMI" шиг бичлэг хийдэг хүн болно гэж болчихсон. Бас ““YOUTUBE-ийн саарал өнгөтэй юмыг авмаар байна” гэж их ярьдаг болсон. “Тэрийг аваад тэгээд бичлэгээрээ задалж байгааг би харуулмаар байгаа юм” гэж их ярьдаг.
-Та 2 ямар бодолтой байгаа вэ. Контент бүтээгч болохыг нь дэмжиж байгаа юу?
-“Чи хоол хийдэг юм чинь тогооч бол. Багаасаа контент бүтээгээд, видео хийгээд эхэлчихсэн юм чинь контент бүтээгч бол” ч гэдэг юм уу ямар нэг байдлаар ирээдүйн сонголтод нь нөлөөлөхийг хүсдэггүй. Цэвэр өөрийнх нь хүслийг л дагна. Миний охины хэн болох нь ямар мэргэжил сонгох нь миний охины л шийдэх зүйл. Магадгүй жаахан том болоод хоол хийхийг хүсэхгүй. Бусдад дэлгэсэн ил амьдралтай байхыг хүсэхгүй байж ч болно шүү дээ. Тэгэхээр ирээдүйдээ хэн болохоо миний охин өөрөө л шийднэ.
-Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хүсье.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!