Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. Тэрбээр:
"Би сайд болсноосоо хойш мэргэжлийн бус томилгоотой багагүй тэмцсэн. Дөрвөн жилийн хугацаанд МАН дангаар засаглаж байх үед эмхэлж цэгцлэх ажил бүтэлтэй сайн явсан. Харьцангуй мэргэжлийн хүмүүс томилогддог. Гаднаас томилогдсон хүмүүсийн тоо эрс буурсан. Энэ жилийн хувьд хамтарсан Засгийн газар, гурван нам нэгдэж хоорондоо гэрээ байгуулсан. Хүний нөөцийн асуудлыг ярьж байгаа. Гадаад харилцааны сайдын хувьд надад бас амаргүй байгаа л даа. Яагаад гэхээр гурван намаас Засгийн газрын шийдвэр гараад хамтарсан намуудын гэрээнийхээ дагуу зарим томилгоонуудыг хийх, гадаад хэлтэй, мэргэжлийн түвшинд ажиллах боломжтой гэж үзсэн хүмүүсээ санал болгосоор байгаа. Би 95 хувиас нь татгалзаж байгаа. Хүмүүсээс мэргэжлийн шалгалтууд авч байгаа. Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг гишүүд шалгуурт тэнцсэн. Хэлний шалгалт авсан. Ц.Мөнхцэцэг гишүүний хувьд Герман улсад доктор хамгаалсан. Орос, Герман, Англи хэлтэй. 4 жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Монгол-Германы найрамдлын бүлгийн даргаар ажиллаж байсан. Мэргэжлийн шалгалт өгөөд тэнцсэн учраас өөрийнх нь хүсэлтийг үндэслээд МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу Герман улсад элчин зөвлөхөөр томилсон.
Д.Сарангэрэл гишүүний хувьд Болгар улсад элчин зөвлөхөөр томилсон. Шалгалт авсан тэнцсэн. Б.Жаргалмаа гишүүн БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар томилогдсон нь манай яамны томилгоо биш" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!