Сайд нар энэ хавар нэг л учраа олохгүй, бүдчих гээд л яваа харагдах боллоо. Ямар сайндаа хаврын чуулган эхэлснээс хойш өргөн барьсан хуулийн төсөл бүр нь спикер тэргүүтэй парламентаас шүүмжлэл хүртэж, гишүүд ширүүхэн жавты хүртэж эхэллээ. Зарим хууль нь УИХ-ын босго ч давалгүй буцаагдаж байна. Хэдийгээр чуулганы эхэнд УИХ-ын дарга 126 гишүүнтэй энэ парламент улстөржилт, намчирхал, талцлаа орхиж, хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж ажиллана гэх улс төрийн шинжтэй мессежийг хүргэсэн ч нөхцөл байдал түүний санасан шиг тийм ч таатайгаар үргэлжилсэнгүй.
Арга ядахдаа "Засгийн газрын яаралтай горим нэрийн дор өргөн барьсан төслүүд нь дандаа хэл ам дагуулж байна. УИХ Засгийн газрын ХУУЛИЙН ТАСАГ шиг ажиллахгүй. Хайр найргүй буцааж энэ асуудал дээр хандана шүү" гэх шүүмжлэлийг хүртэл хэлээд амжсан. Энэ ч хий хоосон үг байгаагүйг одоогийн улс төрийн үйл явц бидэнд тод томруун гэгч нь батлан харуулж байна.
Тэгвэл шалтгаан нь юу вэ. Товчхондоо, тодорхой хэдхэн л шалтгаан бий.
Нэгдүгээрт, сайд нар хуулийн төслөө гишүүдийн өмнө "хамгаалаад" гарах хэмжээний чамбай ажиллаж чадахгүй байна. Нидэр дээрээ сайдаар ажиллахад шинэхэн, соньхон байх эсэх нь огт хамаагүй. Ажлаа авсан л бол хийгээд, даагаад явах ёстой. Гэтэл УИХ дээр гол процесс өрнөхөд хэдэн гишүүдийн асуултад ерөнхий байдлаар хариулж, агуулгаа тойрч зугтах хандлага зарим сайд нараас гарч байна. Энэ нь эргээд гишүүдийн "аманд" орох нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм.
Хамгийн сүүлд л гэхэд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "хүлээлгэд" байгаа Ухаахудагийн хуулийн төслөө өргөн барьж чадахгүй явна гэсний шанд УИХ-ын даргаас "О.Алтангэрэл сайд одоо бүр амар юм болох нь. Шаардлага хангахгүй төсөл өргөн барьчихаад “УИХ хэлэлцүүлэхгүй байна” гээд хэвлэлд яриад зогсож байна" гэх хатуухан шүүмжлэлийг хүртсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Засгийн газрын сайд нарыг хуулийн төслүүд дээрээ сайн ажилла, шаардлага хангахгүй байна шүү гэх мессежийг чуулганы индэр дээрээс хүргэсэн нь энэ байв.
Хоёрдугаарт, хуулийн төсөл нэрийн дор "хулгай" оруулж ирэх асуудал дэндэж байна. Авууштай нь, энэ үйлдлийнх нь ачаар манай гишүүд хуулийн төслүүдтэй ажиллахдаа нэлээн хашир үздэг болов.
Оффтейкийн гэрээг өнгөрсөн хоёр жилийн турш ярьж, шүүмжилж шүүмжилчхээд одоо болохоор Биржийн хуулийн өөрчлөлтөөрөө төрийн өмчит бүх аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулан ганцхан нүүрс биш алт зэс, бүр цаашлаад ордоор нь бартер хийе гээд оруулаад ирсэнд гишүүд бухимдав. Цөмийн энергийн агентлаг байгуулах асуудлыг ч эл хуульдаа шургуулчихсанд гол асуудал үүссэн юм. Ингээд зогссонгүй. Ц.Туваан сайдын "автортой" үргэлжилсэн дараагийн асуудал нь түлш нийлүүлэх нэрээр агаарын тээвэр дэх хяналт, газрын тосны үйлдвэрээ “алдах” эрсдэлд оруулж болзошгүй хуулийн төсөл байсан юм. Харин түлш нийлүүлэх эл гэрээтэй зэрэгцэж явах Евразийн хэлэлцээр нь бөөн ам таталсны эцэст азаар ч гэх үү Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор дэмжигдээд байна. Л.Гантөмөр сайд эл асуудлыг барьж хөдөлснөөрөө намыхныхаа зүгээс шүүмжлэл авч байгаа. “Ашигтай" л гэж амлаад байгаа болохоос мэргэжлийн судлаачид ч ашиггүй гээд дүгнэлт хэлээд байна.
Монголын олон гэр бүлд нүүрлэсэн мөрийтэй тоглоомын асуудлыг шийдвэрлэхээр Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барьсан. Гэвч хууль дагуулж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар орж ирсэн энэхүү төслийн хэлэлцэх эсэхийг мэргэжлийн байнгын хороогоор нь хэлэлцээгүйгээс эхлээд олон асуудал хөндөгдсөн юм. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын зүгээс "Эрүүгийн хуулийг дуртай яам нь хийдэг болчихсон юм уу. Хууль зүй дотоод хэргийн яам бодлогоо баримаар байна. Эрүүгийн хуулийн өөрчлөлт Хууль зүй дотоод хэргийн яамаар орохгүй УИХ-д орж ирсэн түүх би мэдэхгүй" гээд О.Алтангэрэл сайдыг салбарын бодлогоо барьж ажилла" гэж хатуухан хэлээд амжсан. Н.Учралын хувьд ч, О.Алтангэрэл сайдын хувьд ч энэ мэт алдааг гаргах нь байж болзшгүй л асуудал. Үүнээс гадна О.Алтангэрэл сайдын боловсруулаад буй Ухаахудаг тогтоолын төсөл шаардлага хангахгүй байгааг спикер нэгэнт зарлачихсан. Намаржингаа ярьсан Хөрөнгө хураах хууль нь ч одоо хүртэл өргөн баригдаагүй гээд сайдын түвшинд түүнтэй холбогдох хуулиуд нэг л явцгүй байгаа нь бодит үнэн. Одоо энэ нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар үргэлжилж байна.
Нөгөө талдаа ажил хийж байгаа хүн л нүдэнд өртдөг хойно эдгээр сайд нар нь шүүмжлэлд өртөөд яваа юм. Гэтэл зарим сайд нар хуулийн төсөл байтугай өөрийнх нь ч сураг чимээ, бараа нь Төрийн ордонд харагдахаа больсон. Эрх биш Засгийн газрын хуралдаандаа ирж суудаг нь лав. Хэл ам татлаад ч болтугай ажлаа хиймээр байна, сайд нар аа.
Энэ мэтчилэн хуулийн төслүүдтэй холбогдож яваа сайд нараас нь гадна сураг алдарсан сайд нар нь ч хэл ам татлаад байгааг Ерөнхий сайд анзаарсан байлтай. Тиймээс одоогийн нөхцөлд сайд нар ч ажлаа чамбайруулж, шаардлагатай хуулийн төслүүдээ урагшлуулахгүй бол хаврын чуулганаар гараас гаргасан ажилгүй үлдэх вий дээ...
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!