Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар танилцуулж, УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ.
Тэрбээр "Та бүхэнд Үндэсний баялгийн сангийн хууль батлагдан хэрэгжиж эхлэсэн нэг жилийн дүгнэлт, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн саналд үндэслэн цаашид баримтлах үндсэн чиглэлийн талаар товч танилцуулъя.
Цар тахал, дайны нөхцөл байдлыг бүрэн даваагүй дэлхийн эдийн засаг тариф тойрсон худалдааны дайнтай нүүр тулж, Олон улсын байгууллагын судалгаагаар тодорхой бус байдлын индекс түүхэндээ хоёр дахь удаагаа хэвийн хэмжээнээс хоёр дахин өслөө.
Энэхүү тарифын хямрал Монгол Улсын эдийн засагт экспортын гол бүтээгдэхүүний үнэ буурах байдлаар шууд нөлөөлж байна. Тодорхойгүй байдлыг даван туулах бидний байр суурь туйлын тодорхой байх учиртай.
Энэ бол Үндэсний баялгийн санд тулгуурласан олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, эрчим хүчний мега төслүүдийг цаг алдалгүй тууштай хэрэгжүүлэх явдал билээ.
Манай улсын төсвийн орлогын 31 хувь, нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлдэг ч, иргэдийн амьдралын чанар, уул уурхай олборлуулж буй орон нутгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хангалттай шийдвэрлэгдэж чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулдаг.
Уул уурхай, ашигт малтмал ашигласны "нөөцийн төлбөр" (royalty) нь Английн хууль, эрх зүйн уламжлалаас үүсэлтэй бөгөөд анх хааны өмчлөлийн газар нутагт ашигт малтмал олборлох эрхийн төлбөрийг илэрхийлдэг байжээ.
Монгол Улсын хувьд өнөөдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, орон нутаг, иргэдэд Үндэсний баялгийн сангаар дамжуулан тэгш хүртээмжтэй хуваарилагдаж, нийгмийн хөгжлийн суурь асуудлыг шийдвэрлэх механизм болж чадахгүй, ойлгомжтой бус, ил тод биш байна.
Тиймээс "нөөцийн төлбөр" (royalty)-ийг олон улсын сонгодог утгаар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан “Одоо ба Ирээдүйн иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээх” үндсэн зарчмыг баримтлан Үндэсний баялгийн сангийн төлбөр болгон тодорхойлж,
· Ирээдүйн өв санд 50 хувийг хуримтлуулан хадгалж,
· Хуримтлалын санд таван хувь ба стратегийн ордын 34 хувьд ногдох ногдол ашиг болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хамт,
· Хөгжлийн санд таван хувийг нь,
· Бүс ба орон нутгийн санд 15 хувийг төвлөрүүлж, цаашид 2030, 2040, 2050 онуудад үе шаттай нэмэгдүүлж,
- Ирээдүй хойч үедээ 33 хувь,
- Иргэдийн хуримтлалд 33 хувь,
- Үндэсний хөгжил ба бүс, орон нутгийн хөгжилд 33 хувийг бүрдүүлэх урт хугацааны стратегийг эрх зүйн хувьд тодорхойлох нь зүйтэй хэмээн үзэж байна.
Ингэснээр Үндэсний баялгийн санг арвижуулан бүрдүүлэхийн төлөө иргэд, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, үндэсний аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид бүх нийтээрээ хамтран ажиллах “Шинэ гэрээ”, зөвшилцөл, ойлголцлын суурь зарчим бүрдэнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэлтэй байна.
Эрхэм парламентын гишүүд Та бүхнийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд оруулах энэхүү өөрчлөлтийг хэлэлцэн дэмжихийг хүсье.
Эрхэм уул уурхайн компаниудын удирдлага Та бүхнийг олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэл, ирээдүйн уул уурхайн шинэ төслүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрөх байдлыг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хүндэтгэж, Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суухыг урьж байна.
Хурдтай хөгжлийн төлөө ЗОРИГ гарган үндэсний баялгийн сангийн тогтолцоогоор дамжин олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!