Манайд дарга нийгэм хэдийнэ тогтжээ. Нэг талд нь дарга болохыг мөрөөдсөн хэсэг бүлэг улстөрчид. Нөгөө талд нь дарга болгохын төлөө зүтгэсэн сүрэг дэмжигчид. Энэ зүй тогтол улам төгөлдөржиж, даргын орон тоог шинээр ч болтугай нэмж баталж байгаад нам намаараа хувааж авдаг тохироо нүдэн дээр хийгддэг боллоо. Тэгвэл гурван намын хамтрал болох хамтарсан Засгийн газар байгуулагдаж, шинэхэн парламент ажилдаа орсноос хойш буюу өнгөрөгч 2024 оны наймдугаар сараас хойш улстөрийн бялуунаас хэн хэн хүртэж, удирдлагын түвшний ажил, албан тушаалд очсон талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
-Удирдлагын албан тушаал хүртсэн 106 хүний 50 нь ТӨХК-иудад томилогдсон бол парламентын экс гишүүд эхнээсээ гадаад руу томилогдож байна-
Засгийн газар, ТӨХК, ТӨҮГ, яамд, агентлаг, нийслэл, элчин сайдын томилгоодын хүрээнд чамгүй олон хүн "бялуу" хүртэж, албан тушаалд очжээ. Ингэхдээ Засгийн газрын сайдад МАН-аас 12, АН-аас 8, ХҮН намаас 2 сайд багтаж байна.
Харин гадаад харилцааны хувьд УИХ-ын гишүүний сэнтийгээс буусан зарим хүмүүс Элчин сайдаар гадагш явж, нэмээд Засгийн газрын тусгай үүрэгт элчин сайдын албан тушаалыг шинээр бий болгож, хуучны улстөрчдийг томилохоор болоод байна. Энэ чиглэлд одоогоор гурван намаас нийт 8 хүнийг томилох нь баттай болоод буй юм. Харин Элчин сайд, консул, зөвлөхийн хувиар одоогоор МАН-аас Д.Одбаяр, Ц.Мөнхцэцэг, Н.Оюундарь, Д.Сарангэрэл нар томилогдоод байгаа бол АН-аас Ц.Жадамбаа, С.Эрдэнэ, ХҮН намаас З.Лхагвадорж нар томилогдоод байна. Мөн Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр Б.Хурцын нэрийг АН-аас санал болгоод буй бөгөөд хараахан албажаагүй байгаа юм.
Харин ТӨҮГ, ТӨХК-ын удирдлага болон орлогч даргын статустай бүтээмжийн менежрүүдэд нийт 51 хүн томилогдоод байна. Түүнчлэн яамдын ТНБД болон агентлагийн даргаар нийт гурван намаас 7 хүн томилогджээ.
Өөрөөр хэлбэл, өнгөрөгч намраас хойш гурван намаас 106 хүн удирдлагын албан тушаалд очоод байна. Мөн хот дээр ХҮН намаас 1, МАН-аас 4, АН-аас 1 хүн удирдлагаар томилогдоод байна.
-МАН-аас ХЭН, ЯМАР албан тушаалд очив-
МАН сонгуулиар ялалт байгуулсан хүчин. Энэ утгаараа томилгоон дээр давуу тал атгах нь ойлгомжтой. Тэгвэл МАН-аас Тухайлбал, Засгийн газар түүхэндээ байгаагүй олон сайдтай буюу 23 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй. Үүний 12 нь МАН-аас томилогдсон сайд нар байна.
Харин Засгийн газрын тусгай үүрэгт элчин сайдад С.Баяр, Н.Энхбаяр, С.Батболд, Ж.Эрдэнэбат нарын дөрвөн хүнийг томилохоор болсон. Мөн элчин сайд болон элчин сайдын зөвлөхийн түвшинд гурван хүний нэр баталгаажаад буй юм.
Сонирхуулахад, өмнөх парламентад байсан гишүүдээс Д.Тогтохсүрэн, Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Г.Занданшатар, Г.Амартүвшин, М.Оюунчимэг нарын 7 хүн ТӨХК-ийн удирдлага болон Элчин сайд, агентлагийн даргын түвшинд ажиллаж байгаа бол эдгээр экс гишүүдийн жагсаалтад тун удахгүй Б.Саранчимэг нэмэгдэхээр яригдаж байна.
Тэгвэл МАН-аас хэн хэн удирдлагын түвшин дэх томилгоо авсан талаарх мэдээллийг нэгтгэн хүргэе.
-Ардчилсан намаас ХЭН, ЯМАР албан тушаалд очив-
Ардчилсан нам энэ удаа Засагт хамтарч буй. Энэ утгаараа улстөрийн зарим бялуу хуваалтад энэ тэнцүү эрхтэй байгаа. Өнөөдрийн Засгийн газарт эл намын 8 сайд ажиллаж байна.
Харин яамд, газар, агентлагийн даргын түвшинд Ч.Өнөрбаяр нарын 4 хүн ажиллаж байгаа бол ТӨХК-ийн удирдлагын түвшинд тухайлбал, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар З.Нарантуяа, Тэргүүн дэд захирлаар Х.Эрдэнэбаатар зэрэг нийт 4 хүн ажиллаж байна. Түүнчлэн нийслэл дээр Д.Бадарсан нь автозамын түгжрэлийг бууруулах төсөл хөтөлбөрийг зохицуулагчаар томилогдоод байгаа юм.
Тгэвэл үргэлжлүүлэн тус намаас удирдлагын албан тушаалд очсон хүмүүстэй танилцъя.
-ХҮН намаас ХЭН, ЯМАР албан тушаалд очив-
ХҮН нам Ардчилсан намын адилаар Засгийн газарт хамтарч буй. Эл намаас Засгийн газрын түвшинд хоёр сайдтай. Мөн саяхан нийслэл дээр нийслэлийн намын дарга Э.Золзаяагаа томилуулаад амжсан. Мөн Эрээн хотод суух Элчин сайдаар намынхаа З.Лхагвадоржийг явуулаад байгаа юм. Удаагаар нь ТӨХК, ТӨҮГ-уудад хийгдэж буй томилгооноос дутсангүй. Бүтээмж болон хяналтын менежрүүдээ томилж байна.
Тэгвэл тус намаас хэн хэн удирдлагын түвшинд ажиллахаар болсон талаарх мэдээлэлтэй танилцъя.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!