Нэг үеэ бодвол монголчууд Солонгос руу ажиллах гэж биш аялангаа давхар эмчлүүлэхээр мөнгө зарах болсон. Эрэлт хэрэгцээгээ дагаад Солонгост эрүүл мэндийн аялал жуулчлал ч хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд Тэжон хот, Чонжү-д аялалын шинэ гарц нээгдэж эрүүл мэндийн үйлчилгээ нь аль хэдийнэ олон улсад төдийгүй Монголд танигдах болжээ.
ТЭЖОН ХОТОД ЭМЧЛҮҮЛЭНГЭЭ АЯЛЖ БОЛОХ АЛДАРТ 6 ГАЗАР
Тэжон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын шилдэг 6 газарт Жантэсан амралт зугаалгын ой, Уам түүхэн цэцэрлэгт хүрээлэн, Етто соёлын түүхий музей, шинжлэх ухааны экспо парк, Дэжон экспо парк зэрэг багтдаг аж. Тус хот нь 8 нэгдсэн эмнэлэг, 2000 гаруй нарийн мэргэжлийн эмнэлгийн байгууллагатай. Үүнээс дурдвал, Тэжон Сан эрүүл мэндийн төв. Тус төв нь эрүл мэндийн анхан шатны үзлэг буюу хоол боловсруулах систем гэх мэт, сонгомол тусгай үзлэг, хөгшрөлтийн эсрэг үзлэг, нэр хүнд бүхий таван одтой зочид буудалд байрлах эрүүл мэндийн гүнзгийрүүлсэн үзлэг бүгд бий. Мөн Коньяан их сургуулийн эмнэлэг нь хорт хавдрын эсрэг эмчилгээгээр мэргэшсэн. Жишээ нь, хөхний хорт хавдрын мэс засал, умайн хорт хавдрын мэс засал, хорт хавдрын эсрэг дархлааны эмчилгээ гэх мэт олон төрлийн эмчилгээг хийдэг байна.
Нэг сумаар хоёр туулай гэгчээр эрүүл мэндийн үйлчилгээ авангаа давхар аялах сонирхолтой хүмүүс хаанаас мэдээлэл авах гэж эргэлзэж байгаа бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зориорой. Энэ амралтын өдрүүдэд гэр бүл, найз нөхдөөрөө цагийг хөгжилтэй өнгөрөөхдөө дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм.
Хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд хоёр өдөр үргэлжилж буй Солонгосын эрүүл мэнд, аялал жуулчлалыг танилцуулах арга хэмжээг БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорациас зохион байгуулж буй. Тодруулбал, “K-Food Festival 2024” үйл ажиллагааны хүрээнд эрүүл мэнд, аялал жуулчлалын үйлчилгээг танилцуулах асрууд байршиж байгаа юм. Эндээс аялах, амрах, сурах, эрүүл мэндийн үйлчилгээ авах сонирхолтой хэн бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг авч болох нь.
И ХАГ ЖУН: МОНГОЛЧУУД СОЛОНГОСТ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Солонгосын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Олон улсын аялал жуулчлал хариуцсан дэд ерөнхийлөгч И Хаг Жүн хэлэхдээ “Солонгосын төрийн өмчит компанийн харьяа Солонгосын төрийн өмчит корпораци нь монголчуудын очих дуртай газруудын нэг. Тэр дундаа монголчууд Солонгост очихдоо эрүүл мэндийн аялал жуулчлалаар тэргүүлж байна. Иймээс энэ арга хэмжээгээр дамжуулан өөрт хэрэгтэй эрүүл мэндийн болон энгийн аялалын талаар нэг дор олон мэдээллийг авах боломжтой. Энэ бол анх удаа Монгол Улсад зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн аялал жуулчлал болон Солонгосын аялал жуулчлалыг танилцуулах томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.
Эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар урьдчилж цаг авсан иргэд тус улсад эмчлүүлэх шаардлагатай хугацаа, ямар төрлийн эмчилгээ хийлгэх, эмчилгээний техник технологийн талаар мэдээллийг тус улсын шилдэг эрүүл мэндийн байгууллагуудаас авах боломжтой.
Үүний зэрэгцээ хүн өдөр тутамдаа хичээллэх боломжгүй усан спортоор хичээллэх болон хамбуг өмсөх, солонгос хоолны амталгаанууд зэрэг олон сонирхолтой хөтөлбөрт хамрагдаж болно. Энэ бүгдээр дамжуулан Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээг сонирхох боломжтой гэдгийг дахин хэлье” гэсэн юм.
СОЛОНГОСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРЭЛТТЭЙ БАЙНА
Өчигдөр нээгдсэн энэхүү фестивиалыг сонирхсон, зорьж ирсэн хүмүүс ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд их байлаа. Тэдний нэг 70 настай Н.Цогзолмаа “Солонгост өмнө нь гурван сарын аялах визээр очиж байсан. Хүмүүс нь их найрсаг, үйлчилгээ нь гоё юм билээ. Одоо эмнэлгийн үйлчилгээ авангаа аялах сонирхолтой байгаа юм. Энэ чиглэлээр ч маш их эмнэлэг, аялал жуулчлал нь хөгжсөн юм байна гэдгийг энэ өдөрлөгөөс хүүхдүүдтэйгээ ирээд мэдлээ” гэсэн юм.
Дунд болон ахимаг насны хүмүүсийн хувьд эрүүл мэндийн аялал жуулчлал эрэлттэй байгаа нь энэ чиглэлийн асруудаас харагдаж байсан юм. Харин хүүхэд залуусын тухайд тус улсад суралцах сонирхолтой байгаа нь харагдсан.
17 настай Б.Төгөлдөр хэлний бэлтгэлд сурч байгаа бөгөөд “K-Food Festival 2024” өдөрлөгийг зорьж иржээ. Түүний хувьд тус улсад сурч, амьдрах сонирхолтой. Иймээс нислэгийн компаниудын мэдээлэлтэй танилцаж явна гэдгээ хэлсэн юм. Тэрбээр “Солонгосын аялал жуулчлал, хоолны соёлыг танилцуулах өдөрлөгийг зорьж ирсэн. Авиа компаниудын мэдээллийг ч авлаа, бүгд л боломжийн санагдлаа. Бас аялал жуулчлалын талаарх мэдээллүүд нь их гоё юм байна” гэлээ.
СОЛОНГОСЧУУДЫН ГАРЫН ЗООГ, ХООЛЫН СОЁЛТОЙ ТАНИЛЦААРАЙ
Дараа нь Солонгос хоолны өдөрлөг рүү явлаа. Аль ч үндэстний хамгийн чухал соёл нь хоолны соёл байдаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд Монголчууд олон үндэстний зоог дундаас Солонгос хоолыг сонгох болсон. Тэгвэл яг л Солонгост очсон юм шиг хоолыг гэр бүлээрээ амталж, хэрхэн хийдгийг сонирхох боломжийг “K-Food Festival 2024” өдөрлөг бүрдүүлжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр өдөр /2024.08.31-09.01/ үргэлжилж буй энэхүү фестивальд хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө очиход хамгийн тохиромжтой. Бас ганцаараа очсон ч та уйдахгүй.
Солонгос хоол гэхээр л кимбаб, догбугги, жэеүг, булгоги зэрэг хоол санаанд буудаг. Гэхдээ бид бүгдээрээ үнэхээр Солонгост идэж байгаагаас ялгаагүй гоё хоолыг үнэхээр идэж чаддаг болов уу?. Таны миний энэ эргэлзээг “K-Food Festival 2024” өдөрлөгт ирээд арилгаж болно. Солонгос хүмүүс өөрсдөө алдарт баншаа шарж, кимчи, шөл хийж, шарсан үхрийн мах, хатаасан улаан лооль болон үхрийн мах, наймаалж, загас зэргийг сонирхуулж байна. Амтны хувьд мэдээж “Монголжсон Солонгос хоол”-оос ялгаатай юм билээ. Мөн зөвхөн солонгос хоолны амталгаанаас гадна Монголд худалдаанд гарч амжаагүй цай, ундаа, жимс зэргийг ч эндээс амталж болно.
Үүний зэрэгцээ Емарт, СU, GS-25 худалдааны төвд борлуулж буй бүтээгдэхүүний танилцуулга, хямдралтай худалдаа зөвхөн энэ хоёр өдөр үргэлжлэх нь. “K-Food Festival 2024” фестивалийн онцлог нь хоолны амталгаат худалдааг тус бүр онцлогт тохируулж байршуулжээ. Жишээ нь, халуун ногоотой гоймон болон кимчиний хослолыг амтлах боломжтой HOT ZONE, Солонгос алдарт Хану үхрийн мах, шинэхэн эрүүл жимсийг амтлах FRESH ZONE, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон хоолны нэмэлт бүтээгдэхүүнийг амтлах боломжтой NUTRITIOUS ZONE, кимбаб, догбугги зэрэг жинхэнэ Солонгосын гудамжны хоолыг амтлах боломжтой STREET FOOD ZONE зэргээс бүрджээ. Солонгос хоолны өдөрлөгийг Хөдөө аж ахуй, хүнс, хөдөөгийн яам, БНСУ-ын Агро - Загас аж ахуй, хүнсний худалдааны корпорацтай хамтран зохион байгуулж байгаа юм байна.