Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдэд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдэд
- Ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгож,
- Урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даана.
- Хүүгийн зөрүү болох 8 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан байгаа.
- Энэхүү зээл олгогдож эхэлсэнээр жилд 5,600 хүртэлх өрх хамрагдах нөхцөл бүрдэхээр байна.
УИХ-аар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулж, Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн. Наймдугаар сарын 10-ны өдрийн ЗГ-ын 301 дугаар тогтоолоор орон нутгийн ипотекийн урьдчилгаа төлбөрийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой болсон.
Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байна" хэмээлээ.
Орон нутагт ажиллаж амьдрахыг төсвийн бодлогоор хэрхэн дэмжиж байгааг танилцуулвал,
2022 онд хэрэгжүүлж эхлэхээр төсвийн тодотголд тусгасан
- Хөдөө, орон нутагт шилжин суурьших ипотекийн зээлийн үлдэгдэлгүй иргэд болон тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даана.
- Хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1%-ийн хөнгөлөлттэй зээл олгоно;
Ирэх оноос хэрэгжиж эхлэх
- Дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90%, дараагийн гурван жил 50%-иар тус тус орлогын татвараас хөнгөлнө;
- Уул уурхайн компаниас бусад нийслэлд байршилтай (Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад дүүрэгт байршилтай) үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50%-иар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна;
- Уул уурхайн компаниас бусад орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно;
- Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-иар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлнэ.