Тэр Ардчилсан нийгмээс ч урт настай Социализмын “бүтээл”. Аль ч улстөрчөөс том “мотор”-той мангар том “дарга”. Олон хүн түүнийг тэтгэвэрт гарна гэж андуурдаг. Харамсалтай нь тэр хэзээ ч тэтгэвэрт гарахгүй тодорхой болсон. Хэрэг эрхлэхийн дарга нь өчигдөр гарч ирээд түүнийг “ашиглана” гэж гэдгээ ил тод зарлахыг харсан л биз дээ. Харин Х.Бадамсүрэнгээс түрүүлж Монгол төр тэтгэвэртээ гарчихаж мэднэ. Маш товчоор хэлэхэд, Х.Бадамсүрэн, Ц.Нямдорж хоёрыг тэтгэвэрт гарахыг хүлээж байснаас мах, сүү үнэгүй болоосой гэж мөрөөдсөн нь дээр.
Тэр яахын аргагүй өчигдрийн ГОЛ ДҮР. Засгийн томилгоонд “хавчуулагдаж” Төрийн нарийн болоод буцсан мунаг том татаас. Гэхдээ тэр өнөөдөр алдаа гаргасан. Сошиалоор нэг нохой шуугиулсан Х.Бадамсүрэнгийн өөдөөс өнөөдөр амтай болгон “боргов”. Хариуд нь тэр өөр нэг том дарга болж, бидэндээ ам дүүрэн “салаавч” үмхүүллээ.
Харин тэр төлбөрийн тухайд мань эр алдсан нь үнэн. Саяхан даа, саяхан. Төрийн албан хаагчийн 10 жилийн хөлсөөр охиныхоо төлбөрийг төлөхөд нь. Төвд ганц өрөө байр авах мөнгөөр массажны сандал авахад нь. Нийслэлчүүдийн тал нь хөлөглөж буй приусээс үнэтэй унадаг дугуй авахад нь нийтээрээ харааж зүхсэн сэн. Сонирхолтой нь арав ч хүрэхгүй хоногийн дараа таны халаас руу орох төрийн мөнгийг илбийн юм шиг гаргаж ирээд үйлдвэрийнхээ нэрээр цахилгааныг минь төлөхөд баярласандаа бид золтой нус нулимсандаа живчихээгүй. Тэр үеийн Х.Бадамсүрэнд талархсан гашуун үгстэй постууд чинь одоо ч үнэнд харагдаж, гарт тэмтрэгдэж байх юм.
Тийм ээ, тэр өнөөдөр “төлбөр”-өө л мартчихлаа. Магадгүй мах ногоо, бензин шатахууны үнийг нь даачихсан бол өнөөдөр юу гэж түүнийг бөөнөөрөө зүхдэг юм бэ. Байж болох нялуунаас, нялуун алга ташилт дор төрийн нарийн болгох байлаа бид чинь. Төлбөрөө төлсөн байхад тэтгэврийн нас мас зүгээр нохойн жогорхой.
Энэ чинь л бидний үнэн төрх, тэр чинь л Х.Бадамсүрэнгийн уран мэх биш гэж үү.