
Байгалмаагийн Алтанчимэг. Тэр бол монголын холимог тулааны спортод хүсэл зорилго, авъяас, ур чадвараараа гялтганан гарч ирсэн ШИНЭ ОД. 20-хон настай тамирчин охин өнөөдөр дэлхийн аваргын дэвжээн дээр эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж монголчууд төдийгүй дэлхийд ГОЛ ДҮР болон гялтганалаа.
Тэр энэ тавцанд очиж зогсох хүртлээ ЗОГСОЛТГҮЙГЭЭР хичээн, тэмцсэнийг түүний бяцхан түүх нотолно. Зуны аагим халуунаар барилгын тоос шороон дунд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, хажуугаар нь бэлтгэлээ ч тасалдуулсангүй. Учир нь тэр ЭНЭ УДАА бууж өгөхийг хүсээгүй юм. 2023 онд таеквондогийн улсын аваргад түрүүлж, дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан ч зардлын бэрхшээлээс болж боломжоо алдаж байсан тэр ямартай ч энэ удаа өөрийн хүч хөдөлмөрөөрөө дэлхийн аваргад явах зардлаа бүрдүүлж чадав. Энэ л барилгын талбайд дуслуулсан хөлс хүч, хичээл зүтгэл нь аваргын алтан медаль болж ирсэн Байгалмаагийн Алтанчимэгийн жинхэнэ түүх юм.
Б.Алтанчимэг спортын "хорхойтон" нэгэн болохыг багаас хичээллэж ирсэн олон төрлийн спортууд нь батална. Жюү жицү, таеквондо, бокс гээд түүний идэвхтэй, эрч хүчтэй спортоор амьдралаа тодорхойлж ирсэн нь ингэж л харагдаж байна. Одоо бол Б.Алтанчимэг холимог тулааны тамирчин. Харин энэ өдрөөс хойш тамирчин гэх нэрийнхээ өмнө ДЭЛХИЙН АВАРГА гэх эрхэм алдрыг дуудуулж явах эрхтэй боллоо.
Холимог тулааны спортод үзүүлсэн амжилт, туулсан замнал нь бахархууштай.
• 2024 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль /Монголын төлөөлөлд анх удаа хүрэл медаль авч ирсэн амжилт/
• 2024 оны Ази тивийн аваргын хүрэл медаль /Азийн хэмжээний өрсөлдөөнд Монголын багийг амжилттай төлөөлсөн/
• 2024 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт /Монгол Улсын шилдэг тамирчдын нэг болохоо баталсан/
• 2025 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан медаль авч, холимог тулааны насанд хүрэгчдийн түвшинд Монгол Улсын шилдэг тамирчны нэгээр тодорсон. Спортоор хичээллэхдээ зөвхөн ялалт авах бус багийнхаа амжилт, Монголын нэр хүндийг дээдэлж ирсэн нь өнөөдрийн амжилттай нь цуг батлагдлаа.
Б.Алтанчимэг холимог тулаанаас гадна таеквондо, боксын спортоор ч бахдам амжилт гаргаж байв. Тэрбээр таеквондогоор 2022, 2023, 2024, 2025 оны УАШТ-ий алтан медалийг хүртэж байсан бөгөөд уг спортоор Монгол Улсын 30 дахь удаагийн Аварга шалгаруулах тэмцээний 62 кг жинд алт авч тав дахь удаагаа аваргалсан нэгэн юм. Харин боксоор 2025 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медаль хүртэж байжээ. Энэ бүх амжилт нь түүнийг зөвхөн тамирчин гэдгээр нь бус, Монголын спортын бахархалт нүүр царай болгожээ.
Сонирхуулахад, тэрбээр Их засаг, Аюулгүй байдал, хууль сахиулахын сургуулийн оюутан бөгөөд спортоор хичээллэхийн зэрэгцээ сурлагадаа ч тууштай гэнэ.
Э.АРИУНТӨГС