Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан гэж үзэж, Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржавыг огцруулах шийдвэрийг гаргасан.
Уг асуудлаар Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржавтай холбогдож Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбоотой байр суурийг нь тодрууллаа.
-Таныг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг удаашруулсан гэж үзээд ЗГ-аас огцруулах шийдвэр гаргасан байна. Та энэ шийдвэрийн талаар сонссон уу?
-Яг энэ Эрдэнэбүрэнгийн асуудлаар би тайлбар хиймээргүй байна. Би хэдийн ажлаа өөрчлөх шийдвэрээ намдаа гаргасан байсан.
-Хариуцлага тооцож ажлаас чөлөөлж байгаа асуудалд та хуулийн хүрээнд хэрхэн хандаж байна вэ?
-Ерөнхий сайд бол намайг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан шүү дээ. Тиймээс би гаргасан шийдвэрт нь хүндэтгэлтэй хандана. Би олон жил нам болон төрд зүтгэсэн. Тиймээс ажил албан тушаалаа өөрчлөх хүсэлтээ намдаа гаргасан байсан.
-Ер нь энэ төсөл яагаад удааширсан юм бэ. Яагаад таныг энд буруутгасан гэж бодож байна?
-Би энэ асуудалд тайлбар өгөхөөс татгалзаж байна. Энэ асуудал дээр тайлбар өгөх ёстой хүмүүс нь өгөх байх. Хариуцсан харъяа яам агентлаг байгаа шүү дээ.
-Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц өнөөдрийн байдлаар ямар шатанд явж байна вэ?
-Тус цахилгаан станцын хувьд ажил эхлэх шатандаа явж байна. Ажилтайгаа танилцаад дөнгөж эхлэх гэж байгаа.
- Х.Нямбаатар сайд Улс орны хэмжээний том төслийг зогсоосон хүмүүст хариуцлага тооцон эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж үзэн зарим албан тушаалтнуудыг АТГ-д өгч шалгуулна гэж мэдэгдсэн. Таныг энэ асуудалтай холбоотойгоор шалгасан зүйл бий юу?
-Одоогоор намайг Авилгатай Тэмцэх газраас шалгасан зүйл огт байхгүй. Шалгуулах хэрэг ч байхгүй. Зөвхөн Эрдэнэбүрэнгийн асуудал ч биш. Надад өөр шалгуулах асуудалтай зүйл байхгүй.
Ярилцсанд баярлалаа.