Монгол Улсын 3.5 сая иргэн эдийн засгийн хямралд "нэвт" орсон гэдгийг батлах олон асуудлууд хөвөрсөөр байна. Түүний нэг жишээ нь цахим орчинд "Бөөрөө зарна. Их хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа тул ийм шийдвэр гаргалаа. Яаралтай" гэх зар дараалан гарсаар, бүр эд эртхэн зарах групп хүртэл цахим орчинд нээгджээ.
Донор болно гэдэг нь хүний амь нас аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа цус болон эд эрхтэнээ үнэ төлбөргүй өгөх, амьд болон амьгүй донорын эд эрхтэнг шилжүүлэн суулгах зорилгоор, эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах зорилготой юм. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулагт “Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгах” гэж бичсэн байдаг.
"Бизнес маань дампуурч санхүүгийн хүнд байдалд орсон тул элэг, бөөрөө зарах шийдвэрт хүрсэн"
Цахим сүлжээнд "25 настай. Элэг, бөөрний донор болно. Архи тамхи хэрэглэдэггүй, элдэв өвчин байхгүй. Маш яаралтай учир тоглоом хийх гэсэн хүмүүс холбогдохгүй байхыг хүсье. Мэдээж санхүүгийн асуудалтай байгаа учир чатаар холбогдоно уу" хэмээн нийтэлсэн иргэн рүү холбогдож тодруулга авлаа.
Тэрбээр "Би 25 настай ямар нэгэн өвчин байхгүй. Турк улсад амьдарч байгаад бизнес маань дампуураад их хэмжээний мөнгө хэрэгтэй болсон. Одоо эх орондоо ирээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Манай ар гэрийн хувьд асуудал байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Эд эрхтэний донорын үнийг судалж үзэхэд бөөр хэдэн жилийн өмнө 50 сая төгрөг байсан юм байна. Одоо бараг 100, 150 сая төгрөгт хүрэх байх. Би бөөр, элэгний донор болох шийдвэрээ аль хэдийнээ гаргасан. Өөр хүмүүс ч холбогдож байгаа. Үнэхээр хэрэгтэй бол маргааш ч хамаагүй уулзаад шинжилгээ өгөөд явж болно. Санхүүгийн хүнд байдалд байгаа учраас яарч байгаа" хэмээлээ.
Харин асуудлын талаар ЦЕГ-аас тодруулахад "Манай байгууллагаас одоогоор шалгалт явуулаагүй байна. Хоёр долоо хоногийн өмнө цахим орчинд “Бөөр худалдаж авна” гэх утга бүхий зар мэдээлэл нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийн, бичигдсэн мэдээллийн IP хаягийг шалгахад Нигер улсаас хандалт хийж байгаа нь тогтоогдсон бөгөөд “Wangiri” буюу олон улсын цахим луйврын үйлдэл байсан. Түүнийг даган дуурайсан этгээдүүд цахим орчинд зар бүхий нийтлэл бичсэн байх гэж таамаглаж байна. Хүний эд эрхтэнг шууд л аваад өгчихдөг зүйл биш шүү дээ. Заавал эмнэлгийн байгууллагаар шинжилгээ өгч, баталгаажуулж бүртгэсний дараа хэрэгждэг зүйл. Тиймээс цахим орчинд "Бөөр зарна" гэж нийтлээд л шууд хэрэгжиж байсан гэмт хэрэг байхгүй. Донор болох бүртгэл хийгдээгүй, шинжилгээнд хамрагдаагүй иргэд дур мэдэн эд эрхтэнээ зарна хэмээн бичиж үнэ тогтоох нь хууль зөрчиж байгаа гэсэн үг" гэсэн юм.
Хэдийгээр ЦЕГ-аас дээрх тайлбарыг өгч байгаа ч фэйсбүүкт "Элэг бөөрний бөөрний донор хайж байгаа хүмүүс бүлгэм" гэх 4400 гишүүнтэй групп байна. Тус группт ихэвчлэн санхүүгийн асуудлаас болж, элэг бөөрөө зарна гэх зар байх ба доор нь дугаарыг нь асуусан хүмүүс ч их байгаа нь асуудал дагуулж байна.
Донорын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 12-р зүйлд:
12.1.Донор нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан цус, эс, эд, эрхтэнээ өгөхдөө ашгийн төлөө бус, авлагагүй, сайн дурын байна.
12.2.Донорыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.
12.3.Донорын үйл ажиллагааг ашиг орлогын эх үүсвэр болгох, тулган шаардах, худалдахыг хориглоно.
12.4.Цусны донорт дараах ерөнхий шаардлага тавигдана:
12.4.1.цусны донор нь өөрийн эрүүл мэндийн байдлыг үнэн зөвөөр мэдэгдэх;
12.4.2.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан донор сонгох шалгуур үзүүлэлттэй танилцаж, зөвшөөрлөө бичгээр өгөх хэмээн заажээ.
Сануулахад, амьгүй донор болж эс, эд эрхтнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган төгрөгөөр тогтоосон. УИХ-аар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны зургаадугаар сарын 17-нд баталсантай холбогдуулан НДҮЗ-өөс амьгүй донорын ар гэрт тэтгэмж олгох энэ зохицуулалтыг хийжээ. Амьгүй донорын ар гэрт мөнгөн тэтгэмж олгох зохицуулалт анх удаа хэрэгжиж буй юм. Энэ тогтоолыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.
УИХ-аас Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны зургаадугаар сарын 17-нд өдөр баталсан. Уг хуулийн 15 дугаар зүйлд “Амьгүй донороос эс, эд, эрхтэн авах” зохицуулалтыг тусгасан бөгөөд хуулийн:
- 15.1.Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна.
- 15.2.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна.
- 15.3.Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана.
- 15.4.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбарт оролцож байгаа буюу реципиентийг эмчилж байгаа эмч энэ хуулийн 10.1.2-т заасан багийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно хэмээн тусгажээ.