Наадмын дараа намар биш хямрал хаяанд ирж, төмс тансаг хэрэглээнд тооцогдсон үнийн өсөлтийн хар сүүдэр нүүрлээд байна. Иргэдийн худалдан авах чадварын хэмжүүр нэг килограмм төмс худалдаж авах боломжгүйд хүрснээс харагдана. Арга ч үгүй биз дээ. Авсан цалин нь инфляцын нөлөөгөөр цаас болчихсон юм чинь. Өргөн хэрэглээнд тооцогддог гурил, будаа, төмс ногоо нь тансаг хэрэглээ болоход дөхсөөр.
Гадаад, дотоод олон зүйлээс шалтгаалан эдийн засаг уналтад орсон. Мөд дөө сэхэл авах ирээдүй харагдахгүй байгааг судлаачид хэлж буй. Энэ нь ойрын жилүүдэд эдийн засгийн өсөлтийг үлэмж хязгаарлах аж. Ард иргэд одоо байгаагаасаа хүнд нөхцөлийг туулах болно.
Манай төрийн том дарга нарын хэлж буйгаар удахгүй эдийн засаг сэргэж, бидний амьдрал цэцэглэх аж. Тэдний хэн ч ард түмний амьдралтай нүүр тулхыг хүссэнгүй. Үнийн өсөлт, эдийн засгийн уналт, ядуурлыг ярих ёстой бүх хүмүүстэй тусгай наадам хийсэн. Одоо бол сошиал, телевизээр бүх зүйл сайхан болж байгаа мэт яриад л байна. Удахгүй болох сонгуульдаа бэлдэж байгаа нь энэ биз.
Гадаад харилцаагаа сайжруулж, нүүрс бусад түүхий эдийн экспортоо хэвийн болгох буюу валют олж ирдэг салбаруудаа хурдан дэмжиж чадвал эдийн засаг босож ирнэ гэдэг энгийн логик байгаа. Түүнээс нарийн бодлого одоогоор шаардлагагүй. Ингэж байж инфляц, валютын ханшийн дарамтыг бууруулахгүй бол Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ өсгөөд, нөгөө талаас төсвийн үрэлгэн зардал их гаргаж уялдаа хамааралгүй бодлого хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ "алаад" байна.
Түүхэн хямралуудаас харахад эдийн засгийн хямрал ихэвчлэн 8-18 сар үргэлжилж байсан байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 12 удаа эдийн засгийн хямрал болсон бөгөөд дунджаар 10.3 сарын хугацаанд үргэлжилсэн гэдэг судалгаа байдаг.
Монгол Улсын хувьд 2022 оны эхний улиралд эдийн засаг уналттай гарч 3.8 хувь агшсан. Олон улсын валютын сан манай улсын эдийн засгийг 2022 онд 2 хувь, 2023 онд 7 хувь тус тус өснө гэж таамагласан байна. Харин манай улсын эдийн засагч, судлаач, шинжээчдийн үзэж байгаагаар эдийн засгийн өсөлт оны төгсгөлд 0-1 хувиар өсөх болов уу гэсэн хүлээлттэй байгаа юм. Энэ нь бараг өсөхгүй гэсэн үг.
Удахгүй хичээл сургууль эхэлж, эцэг эхчүүдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдэнэ. Энэ намар нэлээд хүнд байх болов уу. Иргэдийн хувьд мөнгө байхгүй, худалдан авах чадваргүй болсон. Бараа бүтээгдэхүүний үнэ асар их хэмжээгээр нэмэгдсэн. Ялангуяа дундаж болон дунджаас доогуур давхаргын айл өрхүүдэд маш хүндээр тусна.
Энэ давхаргын өрхүүдийн нийт зарлагын 30 гаруй хувийг зөвхөн хүнсний хэрэглээ эзэлдэг. Одоогийн байдлаар 50 хувь руу дөхөх магадлалтай байна. Энэ нь бусад боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах ямар ч боломжгүй, илүү хүнд байдалд орох байдал руу нийгэм бүхлээрээ орж байна.