Өнгөрөгч долдугаар сард Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтгэн танилцуулсан билээ. Тэгвэл 21 аймгийн Засаг дарга нараас хөрөнгө, орлогоороо "толгой цохиж" буй Засаг дарга нарын мэдээллийг инфографикаар бэлтгэн уншигч танд хүргэж байна.
-Баянхонгор, Булганы Засаг дарга нар тэрбум давсан үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөөрөө ТОЛГОЙ ЦОХИЖ байна-
-Ховдын Засаг дарга 532 саяын унаа хөлөглөдөг бол 6 аймгийн Засаг дарга МАШИНГҮЙ-
-Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 5 тэрбумын МАЛТАЙ-
-Булган, Говь-Алтайн Засаг дарга нар хамгийн үнэтэй үнэт эдлэлтэй-
-Хадгаламж дахь хөрөнгийн үзүүлэлтэд Өмнөговийн Засаг дарга тэргүүлж, Хөвсгөлийн Засаг "сүүл мушгив"-
-Ховд, Өмнөговь, Сэлэнгэ аймгуудын Засаг дарга нар 100-155 саяын ГАЗАРТАЙ-
-Долоон аймгийн Засаг дарга ТЭРБУМААС дээш хөрөнгөтэй-
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын ОРЛОГО өмнөх жилээсээ нэмэгджээ
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өөрийн орлогоо 2020 онд 62 сая 530 төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд орлого нь 48 сая төгрөгөөр нэмэгдэж 110 сая 878 мянган төгрөг болжээ. Мөн гэр бүлийн орлого нь 2020 оноос 85 саяар нэмэгдэж 136 сая 637 мянган төгрөг болсон байна.
Тэрбээр 380 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалт бүхий оффис, нэг авто граштай гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Үүнээс гадна 130 сая төгрөгийн үнэтэй Toyota Land Cruiser 200 авто машинтай, 95 сая 500 мянган төгрөгийн үнэлгээ бүхий газар, 222 сая 963 мянган төгрөгийн хадгаламжтай юм байна. Мөн 44 сая төгрөгийн авлагатай ажээ.
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 5 ТЭРБУМЫН МАЛТАЙ
Б.Ариун-Эрдэнийн өөрийн орлого жилд 26 сая 958 мянган төгрөг. Харин түүний гэр бүлийнх нь орлого 2020 онд 22 сая 144 мянган төгрөг байсан бол 2021 онд 9 сая 254 мянган төгрөг болж буурчээ. Тэрбээр 1 тэрбум 54 сая 16 мянган төгрөгийн үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой. 197 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашинтай юм байна.
Тэгвэл Булганы Засаг дарга 5 тэрбум 573 сая 550 мянган төгрөгийн малтай. Үүнийг задалбал, хонь 525, үхэр 352, ямаа 300, хурдан удмын 130 адуутай гэжээ. Мөн 600 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд 103 сая 91 мянган төгрөгийн хадгаламжтай.
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан 1 ТЭРБУМ 93 САЯАР ҮНЭЛЭГДЭХ орон сууц, оффистой
Д.Мөнхсайханы өөрийн орлого 28 сая 550 мянган төгрөг. Харин түүний гэр бүлийнх нь орлого 2020 онд 595 сая 270 мянган төгрөг байсан бол 2021 онд 58 сая 750 мянган төгрөг болж буурчээ. Тэрбээр 1 тэрбум 93 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууц, гурван нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр оффистой. 292 сая төгрөгийн автомашин, 78 сая 500 мянган төгрөгийн газартай. Мөн 71 сая 364 мянган төгрөгийн хадгаламжтай.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 335 САЯЫН ХАДГАЛАМЖТАЙ
Р.Сэддоржийн жилийн орлого нь 37 сая 577 мянган төгрөг бол гэр бүлийнх нь орлого 17 сая 358 мянган төгрөг. Түүний хувьд 827 саяар үнэлэгдэх таван нийтийн орон сууцтай. Тэрбээр 180 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 80 автоамшин 1, суудлын машин Dodge Nitrosx 1, Toyota, Land Cruiser 200 автомашинтай. Мөн 222 сая 500 мянган төгрөгийн малтай. 116 саяын газар, 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 335 сая 341 мянган төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж жилийн 125 сая төгрөгийн ОРЛОГОТОЙ
Н.Лхагвадоржийн өөрийн орлого 125 сая 316 мянган төгрөг. Гэр бүлийн орлого нь 13 сая 801 мянган төгрөг. 850 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, нэг хашаа байшин, нэг өвөлжөөтэй. 115 саяын автомашин, 18 сая төгрөгийн малтай. Мөн 100 саяын үнэлгээ бүхий газартай. 58 сая 301 мянган төгрөгийн хадгаламжтай.
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ХАГАС ТЭРБУМЫН автомашинтай
Б.Дүгэржавын өөрийн орлого 12 сая 530 мянган төгрөг. Харин гэр бүлийн орлого 10 сая 296 мянган төгрөг. Тэрбээр 195 саяын үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууцтай. Мөн 532 сая төгрөгөөр үнэлэгдэх авто машинтай. Түүний хувьд 185 сая 700 мянган төгрөгийн үнэлгээ бүхий үхэр 45, адуу 33, сайн үүлдрийн үхэр 34, үхэр 68, адуу 68 малтай. 155 саяын газар, 18 сая төгрөгийн үнэт эдлэл, 16 саяын хадгаламжтай. Тэрбээр 182 сая төгрөгийн авлагатай.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 720 САЯЫН 7 ОРОН СУУЦ, 1 үйлчилгээний зориулалттай оффис, гражтай
Ц.Чогсомжавын өөрийн орлого 52 сая 949 мянган төгрөг бол гэр бүлийн нь орлого 97 сая 740 мянган төгрөг. Түүний хувьд 720 сая 160 мянган төгрөгийн үнэлгээ бүхий 7 нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай оффис, нэг авто гражтай. Мөн 226 сая төгрөгийн автомашинтай. 55 саяын газар, 93 сая 355 мянган төгрөгийн хадгаламжтай.