Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

75 насандаа англи хэл сурч байгаа П.Нансал: Ядуу айлын хүүхэд, гэрийн эзэгтэй гэж ӨӨРИЙГӨӨ БҮҮ ЧАМЛА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 25 секунд

"Эгч нь ичээд байна аа. Цал буурал толгойтой, нас өндөр гарсан хүн шүү дээ. Зарим хүн шоолбол яаанаа" гэж хэлэх энэ эмэгтэйг П.Нансал гэдэг. Тэрбээр өдгөө 75 настай. Тэгсэн ч англи хэл сурч, биеийн тамираар хичээллэж, эрүүл амьдралын хэмнэлээр урт удаан амьдрах чин хүсэлт тээж яваа эмэгтэй. Ярих тоолондоо инээмсэглэж, "Хүн зөв бодол тээж алхах хэрэгтэй. Алхсан мөр болгон чинь цагаан байвал чи амьдралынхаа зөв голдирлоор замнаж байна гэсэн үг" хэмээх үнэн хийгээд хатуу бас гоё үг хэлсэн.

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш англи хэлний хичээлд сууж байгаа.

Шалтгаан нь Америкт амьдарч байгаа охин дээрээ очих мөрөөдөл. Түүний хүү ээжийнхээ энэ мөрөөдлийг биелүүлэхээр ийнхүү англи хэлний сургалтынх нь төлбөрийг төлсөн байна.
Тэрбээр энэ талаараа "Хөгшин маань хорвоогоос хальсны дараа би сэтгэлээр их унасан. Гэрээс гарахаа больж, гэрийн мухарт шигддэг болсон. Би охин, хүү хоёртой. Охин маань Америкт амьдардаг. Харин хүү маань Монголдоо хувиараа бизнес эрхэлдэг.

Гэрийн мухарт шигдэж, юм ч ярихаа байсан намайг хараад сэтгэл нь өвдсөн бололтой.

"Ээж ээ, та гаруур гар. Хичээл ном үз, олонтой харьц" гэсэн. Анх яаж сурна даа гэж бодсон. Гэхдээ Америкт байгаа охин дээрээ очино гэж бодсон чинь л хэл сурмаар санагдсан. Анх ойр зуурын үг хэл ойлгодог байхад болно гэж бодсон. Гэхдээ суралцаад эхэлтэл улам сайн суралцаад чөлөөтэй ярьж чаддаг болохыг хүссэн. Өглөө хурдан болоосой, сургууль руугаа хурдхан явах юмсан гэж сэтгэл догдолдог болсон. Эгч нь үнэхээр жаргаж байна, жаргалтай байна" гэсэн юм.


-Ингэхэд та аль сургуулийг төгсч, хаана хаана ажиллаж байсан юм бэ?
-Социализмын үед нэг айлын хоёр хүүхэд зэрэг сургууль төгсвөл нэг нь заавал нэг нь заавал малчин, эсвэл ажилчин болох ёстой гэсэн бичигдээгүй хуультай байлаа. Эгч бид хоёр арван жилийн нэг анги байсан юм.


-Та хоёр яагаад нэг ангид хамт төгссөн юм бэ?
-Би нэгдүгээр ангид орох жил эгч маань хоёрдугаар ангид орсон юм. Би эгчдээ их хайртай. Үргэлж хамт байхыг хүсдэг байлаа. Тэгээд л "Хамт нэг ангид орвол орно, үгүй бол сургуульд сурахгүй" гэсэн. Ээж ч эсэргүүцээгүй. Тэгээд л хоёрдугаар ангид шууд орсон.


-Арваа төгсөөд та ажилчин болсон уу, эсвэл эгч чинь үү?
-Би ажилчин болсон. Учир нь ээж маань "Миний охин эхлээд эгчийгээ сургачих. Дараа нь чи сургуульд орчих. Цаг байна" гэж хэлсэн. Би ч үгэнд нь орсон. Яагаад гэвэл, эгч маань их чимээгүй, ноомой хүүхэд байсан юм.

Аав маань биднийг бага байхад өнгөрсөн.

Түүнээс хойш ээж маань бид хоёрыг өсгөх гэж их зүтгэсэн. Бид хоёр ч ээжийгээ гомдоохгүй гэж их хичээдэг байж билээ.
Тиймээс л эгчийг эхлээд чадвахжуулах ёстой гэж ээж үзсэн. Тэр ч зөв байсан. Тэгээд л тухайн үеийн Мянган машины автозасварын төвийн дугуй засварын цехэд ажилчнаар орсон. Тэндээ хэсэг ажиллаж байхдаа ханьтайгаа учирсан юм. Их сургуульд орохоор шалгалт өгтөл тэнцчихлээ. Гэтэл бие давхар болсноо мэдсэн. Төрөөд удаагүй байхдаа ахиад их сургуульд орох гэтэл дахиад бие давхар болчихсон. Нэгэнт хүүхэдтэй болсон юм чинь төрүүлж таарна. Төрөөд ажилаа хийлээ. Тэгтэл сайн ажилласан гээд их сургуульд орох хуваарь өгсөн. Тэгээд л инженер-эдийн засагч мэргэжлээр алтан медальтай төгссөн.

-Төгсөөд автозасварын газартаа эргэж ажилласан уу?
-Үгүй ээ. Тухайн үед хаана ажиллахыг дээрээс шийддэг байлаа шүү дээ. Намайг алтан медальтай төгссөн учир Намын төв хороонд хуваарилсан. Гэтэл намын гишүүн биш гэдгээр хасчихсан. Тэгээд Үйлдвэрчний төв зөвлөлд ажиллах болсон. Ихэвчлэн хөдөө гадаа томилолтоор явдаг, их сайхан ажил байсан. Дараа нь Баянгол дүүргийн Өмч хувьчлалын хэлтэст ерөнхий нягтлан бодогчоор ажиллах болсон. Тэгээд л тэтгэвэрт суусан даа.

-Та аавыгаа нас барах үед хэдэн настай байсан бэ?
-Сургуульд ороогүй байсан. Аав маань сум нэгдлийн даргаар ажилладаг байлаа. Тухайн үед нэгдэл байгуулахыг зарим хүн эсэргүүцдэг байлаа шүү дээ. Аав өглөө ажилдаа яваад эргэж ирээгүй. Хэргийг шалгаж үзтэл морийг нь үргээснээс болж аав маань чирэгдсэн юм билээ. Хэрэг хийсэн хүмүүс нь баригдаж, ялаа авсан. Харин бид гурав өнчирч үлдсэн. Түүнээс хойш амьдрах гэж их хичээсэн. Зүтгэл ч талаар болоогүй. Амьдрал намайг хангалттай шагнасан. Үүнд нь талархаж амьдардаг даа.

-Таны охин Америкт амьдардаг гэхээр сурдаг юм уу?
-Тэнд мэргэжлээрээ ажилладаг.

-Мэргэжлээрээ гэхээр?
-Миний охин их мундаг хүн. Монголдоо их л хэрэгтэй хүн байгаа юм даа, уг нь. Охин маань 1-3 дугаар ангиа Монголд төгсөөд Германд үргэлжлүүлэн суралцсан юм. Тухайн үед бид гэр бүлээрээ Германд амьдрах боломж тохиосон юм. Тэндээ долоон жил амьдраад эргэж ирээд аравдугаар ангиа Монголдоо төгсөөд их сургуулиа Германд төгссөн.

Германы алдартай "Hombolt"-ийн их сургуулийг геофизикийн ангийг онц төгссөн.

Магистраа ч тэнд хамгаалсан. Сургууль төгссөний дараа Германы том компани ажиллах санал тавиад ажиллаж байтал АНУ-аас ажлын санал ирсэн. Одоо Америкт Герман улсын мэргэжилтэн гэдэг нэрийн дор гео физикийн чиглэлээр ажилладаг.

-Хүү тань?
-Хүү хувиараа бизнес эрхэлдэг. Мундаг боловсролтой залуу бий.

-Та хүүхдүүдээ мундаг боловсролтой, сайхан өсгөж. Залууст хандаж зөвлөгөө өгөөч гэвэл та юу гэж захихыг хүсэх вэ?
-Сурахад хэзээ ч оройтдоггүй юм байна. Хүн насаараа л суралцдаг. Тэр суралцсан зүйлээ зөвөөр ашиглаж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл чи зөв хүн байна. Гэртээ суудаг гэрийн эзэгтэй гэж өөрийгөө бүү чамла.

Мөнгөгүй айлын хүүхэд гэж битгий гутар.

Хүнийг хойш татдаг зүйл бол "Надад боломж байхгүй" гэж боддогт оршдог. Хэрвээ чамд гар утас, интернэт байгаа л бол тэрийгээ ашигла. Фэйсбүүк ухаж, тоглоом тоглохын оронд хоёр ч гэсэн гадаад үг цээжил. Тэр чинь алсдаа чамд хэрэгтэй болно. Ядаж л ажил дээрээ хэрэгтэй хүний тоонд орно шүү дээ.


-Баярлалаа, бүхий л насныханд зөвөөр үлгэрлэж, мотивац болох зөвлөгөө өгсөн тань талархлаа илэрхийлье.
-Зүгээр дээ. Танай сайтын хамт олонд амжилт хүсэн ерөөе.

О.Батбаяр: 5-11 настнуудыг ирэх сарын 1-нээс вакцинд хамруулж эхэлнэ
О.Батбаяр: 5-11 настнуудыг ирэх сарын 1-нээс вакцинд хамруулж эхэлнэ
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.