Оросын холбооны улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өнөөдөр /2022.07.05/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Тус айлчлалыг эсэргүүцэж Ардчилсан намаас жагсаал зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд Э.Бат-Үүл тэргүүтэй Ардчилсан намынхан ОХУ, Украины дайны асуудал дээр хатуу байр суурийг илэрхийлсээр ирсэн. Тэдний зүгээс Орос улс Монгол Улсыг дагуул улс болгохоор санаархаж байна хэмээнэ удаа дараа мэдэгдэж байв. Тэгвэл ОХУ-ны Гадаад хэргийн сайд С.В.Лавровын айлчлалыг тэд эсэргүүцэж буйгаа ийнхүү жагсаалаар дамжуулан илэрхийлж буй нь энэ юм.
Тэд ЯАГААД, ЮУНЫ УЧИР жагсах болсноо ийнхүү илэрхийлэв
-Э.БАТ-ҮҮЛ: Монголыг колончилох, "суганы үс" болгох, бохир үйлдлийнхээ дагуул болгох гэж ирсэн бол САНААНЫ ЧИНЬ ГАРЗ-
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Эрх чөлөө, ардчиллаа мэдрэхгүй байгаа бол бид нэр төргүй байгаагийн том баталгаа гэсэн үг. Бид ямар ч их гүрнээс айхгүй. Бид өнөөдөр ард иргэдийнхээ зүрх зоригийг сэрээх гэж ирж байгаа юм. Монголыг Оросын суганы үс болгоно гэж бодож байвал санааны гарз шүү гэж С.В.Лавровт хэлмээр байна. Монгол эрх чөлөөт, нэр төртэй орон. Сүүлийн 30 жил эрх чөлөөнийхөө амтыг мэдэрч боссон. Ийм улсыг колончилох, суганы үс болгох, бохир үйлдлийнхээ дагуул болгох гэж ирсэн бол санааны гарз, түүнийг хэзээ ч эсэргүүцэж тэмцэх болно хэлэхээр ирсэн юм. Сталин тэргүүтэй Зөвлөлтийн удирдлагч нар Монголд үхлийн тоглоом зохион байгуулсны золиос нь хэлмэгдэгсэд юм шүү. Үүнийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ мартах учиргүй. Дөрвөн Ерөнхий сайдын чинь аваачиж цаазалсныг битгий мартаарай. Хэрвээ бид Оросын, Путины "суганы үс" болбол ийм хувь заяаг та нар хүлээнэ шүү. Та нарыг нэг нэгээр нь Москвад аваачиж цаазалдаг бузар булай ёс эргэж сэргэнэ шүү. Тиймээс С.В.Лавровын шахалтыг үл тоо, нутагт нь буцааж хөөж явуул. Үүнийг эр зоригтойгойр хэлэх байна.
Жагсаалын үеэр гэртээ айгаад сууж буй залууст хэмээн тодотгоод хэдэн үг "чулуудав". Тэрбээр "Айдсаар амиа аварна гэж байдаггүй юм шүү. Айдсаар амиа, нэр төрөө л алддаг. Манай залуус бие биенээ дээрэлхэж, зодож, өширхөхдөө ямар зоригтой юм бэ. Биднийг хэлмэгдүүлж байсан түрэмгийлэгчид ирж байхад юундаа айгаад суугаад байгаа юм бэ. Аврагдана гэж бодож байгаа юм уу. Бусдын "суганы үс" байвал хэлмэгдэнэ шүү" гэлээ.
-Г.ГАНХҮҮ: Хоёрхон хөрштэй байж нэгийг нь ХУЖАА, нэгийг нь АХ АА гээд байж болохгүй-
Аялагч Г.Ганхүү: Биднийг Орос улсын эсрэг гэж хүмүүс ойлгоод байдаг юм. Тийм биш. Үндсэн хуулиараа бид үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Харин Оросын, ОХУ-ын Элчин сайдын захиалгаар мөнгө авч жагсаж байгаа бол эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Бусдын итгэл үнэмшлийг хүндэтгэе. Оросын эхлүүлсэн дайнаас болж жирийн иргэд нь хохирч байна. Монголд маш олон Оросууд ирсэн байна. Монгол Улс хоёрхон хөрштэй. Хоёр хөрштэйгөө эв найрамдалтай байх ёстой. Нэгийг нь хужаа, нэгийг нь ах аа гэж хэлж болохгүй. Хэзээ ч бид нарын ах байгаагүй
-Д.СОСОРБАРАМ: Монголоос салдаггүй И.К.Азизовоо дагуулаад хариарай-
Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам: Оросын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг Монголоос салдаггүй И.К.Азизовоо дагуулаад хариарай гэж хэлье. Айдас гэдэг хүнийг амьдаар нь үхүүлчихдэг юм. Айж байгаагийн амьд байгаагийн хэрэг байхгүй. Амьд байгаа л бол айдсаа холдуулчих. Тэгвэл гурван сая Монголчуудынхаа эрх чөлөөг хамгаалах боломж бүрдэнэ. Толгой нь эргэсэн, самуурсан, буртаглагдсан тархи байвал цэвэрлэж болно шүү дээ. Сэтгэлгээгээ ариусга. Хүний эрхэнд жаргаж явснаас өөрийн эрхээр жаргаж, зовъё гэж хэлмээр байна.
-СОНИРХОЛТОЙ ЖАГСАГЧ: Зорчих эрхээ хязгаарлуулсан Д.Монголхүү-
Сонирхолтой жагсагч. Тэр бол МоАХ-ын дарга Д.Монголхүү. Сонирхолтой хэмээн тодотгохын учир нь, түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үндэслэлээр нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулаад сар орчмын хугацаа өнгөрч буй. Өөрөөр хэлбэл, тэрбээр өөрийн оршин сууж буй нутаг дэвсгэрээс нэг жилийн хугацаанд гарахгүй байх ёстой юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр жагсаалд ирлээ. Түүний талаар Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Монголоог маань гавтай байх шийдвэр шүүхээс гарсан. Гэхдээ Монголчуудын зүрх зоригийг унтраахгүйн төлөө, сэрээхийн төлөө хүрэлцэн иржээ" гэв.
-ПАРТИЗАНЫ ҮГ: Живж буй аварга онгоцон дээр 3 сая иргэнээ дагуулж гарч болохгүй-
Жагсаалын үеэр 90 оны партизан хэмээн нэгэн хүнийг Э.Бат-Үүл онцлов. Тэрбээр "21-р зуунд дэлхийд оршин тогтнож байгаа харгис томоохон гүрнүүдийг амиа тавьж буй зуун болж байгаа бид харж байна. Олон орон байхгүй. Цөөн бий. Тэрхүү том харгис гүрнүүдтэй бид хил залгаж амьдардаг. Путины дэглэм тогтсон Орос орон далайд гараад живэх гэж байгаа аварга хөлөг онгоц. Гэтэл аварга онгоц дээр гараад ир гэхэд нь тэнэглэж гурван сая иргэнээ дагуулаад гарахгүй шүү гэдгийг л ойлгож ухаараарай" гэв.
Жагсаалын үеэрх гэрэл зургийг энд дарж сонирхох боломжтой.
Шууд дамжуулалтаар энд дарж үзэх боломжтой.