Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 1952 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил 70 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Эх орны ирээдүй, эцэг, эхийн гэрэлт нар болсон алдрай бяцхан үрсдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье
Эх, хүүхдийн эрхийг хамгаалах зорилтын хүрээнд:
- Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч 2022-2023 оны хичээлийн жилээс хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт дэвшүүлж улсын төсвийн тодотголоор 100 тэрбум төгрөг суулгалаа.
- Эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд 2021 онд хамгийн их буюу 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 1987 оноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй явсаар ирсэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу Эх нялхсын эмнэлгийн засварын ажлыг эхлүүлэв.
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-2 буюу Яармагийн 300 ортой эмнэлгийн үндсэн үйл ажиллагааг эхлүүллээ.
- “Хүрээ” амаржих газарт өргөтгөл засварын ажлыг энэ жил эхлүүлнэ.
- Сургуулийн сурагчид аюулгүй зорчих нийтийн тээврийг цогцоор нь шийдэх ба өнөөдөр эхний ээлжийн автобуснуудыг хүлээн авч танилцана.
Эх, хүүхдийн эрхийг хангах нь энэ Засгийн газрын тэргүүн зорилтын нэг байх бөгөөд та бидний хамтын зүтгэлээр үр дүнд хүрэх билээ.
Монголын үрс эрүүл саруул, эрдэм номтой, энх торних болтугай" гэжээ.