С.Эрдэнэ талынхан удахгүй намын дараагийн даргаа тодруулахаар ажиллацгааж байна. Хэнийг намын даргаар сонгож дараагийн сонгуулийн нүүрийг үзэх вэ гэдэг асуулт тэдний хувьд бараг л шүдний өвчин. Товчхондоо лидерийн архаг дутмагшил үнэндээ тэднийг зовоож байна.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ардчилсан нам байтугай Монголын улс төрд төрд тун удахгүй маш сонирхолтой үйл явц өрнөж, хуучны лидерүүдийн нэг нь АН-ыг авахаар тохироогоо хийж эхэлжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намын даргын сунгаанд хүч үзэхээр бэлтгэж, фракц бүртэй уулзаж буй гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Ардчилсан намын дов жалга бүрийн төлөөлөлтэй уулзаж, координат хийж буй аж. Бүр нэг ч хүн, нэг ч сонирхлын бүлгийг үлдээхгүй уулзаж байгаа гэнэ. Нөгөөдүүл нь ч гэсэн ерөнхийдөө түүнийг дэмжихээ эхнээсээ илэрхийлж эхэлжээ.
Тэгвэл одоо Ц.Элбэгдоржийг яагаад АН-ынхан даргаараа хүлээн зөвшөөрөх талаар хэд гурван санаа хэлье. Нэгт, Ардчилсан намд яг өнөөдрийн байдлаар Ц.Элбэгдоржоос өөр бодитой лидер үлдсэнгүй. Х.Баттулга, С.Эрдэнэ, С.Баярцогт, Э.Бат-Үүл гээд нүүрний эгнээнд явах томчууд нь бүгд асуудалд орсон. Дээр нь тал тал тийшээ салцгаасан. Нэр хүнд нь унахаас гадна бүгдэд нь хэрэг үүсгэгдэж, зарим нь шүүхээр таслуулчихсан. Эдгээрээс өөр хүнийг нь лидер болгоё гэхээр улс төрд байтугай намын залуучууддаа хүлээн зөвшөөрөгдөхгүй. “Өлгийндөө өтөлсөн” хэдэн залуучууд дундаас нь туг барих хүн байтугай тугал хариулах хүн олдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржид “гахай шүршсэн” гэх зэрэг Х.Баттулгын талаас зохион байгуулсан ам дамжсан ярианаас өөр бодитой хэрэг төвөг бараг байхгүй. Түүнийг ямар хэрэгт буруутай вэ гэдэг асуултад Төмөр замын гэдэг шиг баримт, нотолгоотой хэлэх зүйл байдаггүй. Ихэвчлэн тэгсэн гэсэн, ингэсэн гэсэн гэх хов маягийн сэдвүүд л түүнийг тойрдог.
Хоёрт, Ц.Элбэгдоржийн нэрийг унагах ажиллагааг 2016 оноос хойшоо идэвхтэй зохион байгуулсан ч гэсэн Ардчилсан нам дотроо тэр одоо ч “бяртай” хэвээрээ байгаа. Тиймээс өнгөрсөн хугацаанд Х.Баттулгад намаа тавиад туучихгүй С.Эрдэнийн араас “түлхүүрдэж” суусаар өнөөдрийг хүрсэн юм. Тэр гарч ирээд намынхнаа нэг туган дор цуглуулна гэвэл Х.Баттулгын ойрын хүрээллийн нөхдүүдээс бусад нь түүний талд гарах магадлал асар өндөр. Өөрөөр хэлбэл, түүний улс төрийн “бяр” АН-аар биш Монголын улс төрөөр хэмжигдэх учиртай.
Гуравт, мэдээж улс төрийн нам дагаж буй бүх хүний зорилго сонгуулиар ялалт байгуулж, засгийн эрхийг авах. Улмаар эрх мэдэлд хүрэх явдал байдаг. Хэрвээ Ц.Элбэгдорж намаа нэгтгээд гараад ирвэл 2024 оны сонгуульд Ардчилсан нам эвгүй өрсөлдөгч болно. Ялангуяа одоо Ардын намынхан холимог тогтолцоог Үндсэн хуульдаа оруулчихвал улс төрийн намын лидерүүдийн гүйцэтгэх үүрэг энэ тогтолцоонд хамгийн чухал болж хувирдаг.
Тэгвэл Ц.Элбэгдорж намын удирдлагын бүтцийн зургаа дахин шинээр зурж залуучууд болон туршлага гэсэн байдлаар хуваарилалт хийх аж. Тэр өөрөө намын дарга болж, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын нэгийг генсекээр томилж, нөгөөг нь нарийн бичгийн даргаар томилох тохироог эхний ээлжинд хийсэн. “Нэг Ардчилал” фракцынхан угаасаа Ц.Элбэгдоржтой маш ойр явж ирсэн. Тийм ч учраас Х.Баттулгын хөлд энэ франкц тултлаа чирэгдсэн билээ. Мөн 4-5 нарын бичгийн даргыг шинээр томилох бөгөөд нэгээс бусад нь дандаа шинэ залуучууд байх гэнэ. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж намаа залуучуудаар хүч сэлбээд өөрөө туг нь болж гарч ирэхээр тооцож буй нь энэ аж.
Ийнхүү тооцоо, тохироо ёсоор Ц.Элбэгдорж Ардчилсан намаа аваад гараад ирвэл МАН-ынхан маш хүнд байдалд орно. Тэр гудамжинд ч, ширээний ард ч улс төрийн тоглолт, нүүдэл суудлаа гаргууд сайн хийнэ. Өнгөрсөн хугацаанд хүчтэй сөрөг хүчинтэй нүүр тулалгүй өнөөдрийг хүрсэн эрх баригчид барьц алдах нь ойлгомжтой. Дээр нь Х.Баттулгад гомдсон хүмүүс болон хэнийг дагахаа мэдэхгүй “хөшиг”-ний ард өнөөдрийг хүртэл чимээгүй нуугдаж буй Ардчилсан намын данстай бүхэн Ц.Элбэгдоржийг нална. Энэ үед Ц.Элбэгдорж улс төрөө хил гаалийн гацааг арилгаж, урд хойд хөрштэй ойлголцох ажлыг би л хийнэ, би Путин, Жи нартай шууд уулзана гэж дарцаглана. Засгийн газрын, УИХ-ын бодлогогүй, арчаагүй үйлдэл бүр дээр маш сайн зохион байгуулсан жагсаал цуглааныг төв талбайд бараг өдөр алсгалахгүй сонгууль хүртэл “шахна”.
Тиймээс Ц.Элбэгдоржийн чимээ АН-аас сонсогдож эхлэхтэй зэрэгцэж Азаргын голын асуудлыг хуулийн сайд твиттерт өдүүлж дөнгөсөн хэрэг. Нөгөөх нь ч тун удахгүй том улс төр эхлүүлэх гэж буй учраас сошиал орчинд хүн бүрээс уучлал гуйж, буруугаа хүлээж хайлсан тугалга шиг амьтан сууж байгаа.
Ямар ч байсан Ардчилсан намыг булаацалдаж байсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэх хоёр экс Ерөнхийлөгчид бодитойгоор намын даргын төлөө гарч ирцгээлээ. Х.Баттулга хуулийн хайчинд орж намын дарга болох асуудал нь мухардсан бол Ц.Элбэгдорж одоо улс төрийн тоглолтоосоо хамаарч дарга болох эсэх нь шийдэгдэнэ. С.Эрдэнийн өнгөрсөн хавар бүртгүүлсэн намын шинэ дүрмээр АН-ын даргыг ҮБХ дотоод сонгуулиараа томилно. Юу болохыг харж л байя. Хэрвээ Ц.Элбэгдорж АН-ын дарга болчихвол улс төр маш сонирхолтой ритмээр өрнөх нь гарцаагүй.
Г.Лхагвадорж