Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Энхзориг: Хэргийг маань хаах шийдвэр гаргасан тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хүсэлт өгсөн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
8 минут 43 секунд

Өнгөрсөн долоо хоногт "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахаас болж эд хөрөнгөө алдсан гэж хөтлөгч Э.Энхзориг Төв талбайд мэдээлэл хийсэн. Тиймээс уг асуудал нь юу болж байгаа талаар хөтлөгч Э.Энхзоригоос зарим асуудлыг тодруулж, ярилцлаа.

-Таны хувьд өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ "Хар сарнай" хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандахтай холбоотой хэргийг шийдвэрлүүлэхээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандахаа илэрхийлсэн. Албан ёсоор хүсэлтээ өгсөн үү?

-Өмнө хэлсэн асуудлуудтай холбоотойгоор хэрэг үүсэж зургаан сарын турш үргэлжилсэн ч хэргийг маань хаах шийдвэр гарсан. Ямар ч аргагүй байдалд орсны улмаас Монгол Улсад шударга шүүх байдаг бол энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж мэдэгдэл хийсэн. Энэ хүрээнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хүсэлт өгсөн. Одоогоор хариу ирээгүй байгаа. Хуулийн дагуу 30 хоногийн дотор хариу мэдэгдлийг ирүүлнэ гэдгийг хэлсэн.

Миний хувьд энэ хэргийг миний талд шийдэж өгөөч гэж гуйгаагүй үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөөч гэдгийг хүсэж байгаа.

Н.Хосбаяр гэж найз маань байна. Бид хоёр 21 жилийн өмнө танилцаж байсан найзууд. Гэтэл хэдхэн сарын өмнө танилцсан С.Амармандах гэх хүний талд орж олон түмний өмнө худал зүйлийг ярьж байна.

Яг одоогоор надад мэдрэгдэж байгаа зүйл нь намайг зохион байгуулалттайгаар гүтгэж, зарим хэвлэл болон сошиал хаягуудаар худал мэдээлэл цацаж байна. Ингэхдээ сонгуулийн тогтолцоо шиг нэг гарчигтайгаар пэйж хаягуудаар болон олны танил зарим хүмүүсээр сэвүүлж байна. Э.Энхзориг гэж хүнийг харлуулахын тулд олны танил хүмүүсийг хөлсөлж авсан байна гэж харж байгаа.

Намайг юу хийж, яаж хохирсон үнэнийг тэр хүмүүс /С.Амармандах, Н.Хосбаяр/ өөрсдөө мэдэж байгаа. Үнэнийг мэдэж байгаа учир эдгээр хүмүүс бүх зүйл нь илэрчихвий гэж сандарч байна. Надад маш олон мэдээлэл ирсэн.

Хүрээний бузрыг ухвал далай гэдгийг адилаар маш аймшигтай мэдээллүүд ирсэн.

-Мэдээлэл хийснээсээ хойш С.Амармандах гэдэг хүнтэй холбоо барьсан уу ?

-Амраа ах талбайн хажууд хэд хэдэн хэвлэл мэдээллийнхэнтэй тааралдсан байсан. Би өөрөө хэвлэлд ажиллаж байсан хүний хувьд зарчмыг нь ойлгож байна. С.Амармандах гэдэг хүнээс хэвлэлийнхэн яриа авах гэж асуухад энэ асуултыг асуухгүй, асуувал яриа өгөхгүй гэдэг тохиолдол маш их байдаг. Хэрэв үүнийг нь зөвшөөрөхгүй бол яриа өгөхгүй гэдэг. Ийм зүйлээс шалтгаалан яриа авах хүсэлтэй сэтгүүлчидтэй таарсан байж магадгүй. Түүнээс өөр өөр байгууллагын сэтгүүлчидтэй санамсаргүй зэрэг таарахгүй байх.

С.Амармандах тухайн үед мэдээлэл өгөхдөө намайг өөртэй нь нэг ч удаа холбоо бариагүй. Уулзъя гэсэн боловч зугтаагаад байгаа гэх зүйлийг ярьсан байсан. С.Амармандах ахад хандаж хэлэхэд "Би танаас хэзээ ч зугтаагаагүй". Анх хулгайд эд зүйлсээ алдсанаа мэдээд "Gem Palace"-д очиж дээрэмдүүлсэн газартаа орчон ч С.Амармандах гэдэг хүнтэй уулзаагүй. Тухайн үед эд зүйлсийг зөөж байсан баримт нь хяналтын камерт үлдсэн байгаа.

Хулгайн хэргээр цагдаад дуудлага өгөхөд хэргийн газар бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн. Ингэхдээ тухайн алдагдсан эд зүйлс байсан агуулахыг битүүмжлэх ёстой байсан ч битүүмжлээгүй.

6 сарын хугацаа өнгөрч байхад гурван мөрдөгч солигдсон хэдий ч хулгайд алдагдсан эд зүйлсийг битүүмжлэх, үзлэг хийх зэрэг ажлыг цагдаагийн байгууллагаас хийгээгүй. Энэ хүмүүс өнөөдрийг хүртэл эд зүйлсийг ашигласаар байгаа. Цаашлаад зарж борлуулах зар хүртэл тавьсан байна.

Миний зүгээс эд зүйлсийг битүүмжлүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан ч хүлээж аваагүй. Энэ хэрэг дээр ажиллаж байсан хамгийн эхний мөрдөгч хулгайд алдагдсан эд зүйлсийг хөдөлгөхгүй, зарж борлуулахгүй, ашиглахгүй гэдгийг хэлж хавтаст хэрэгтээ баталгаа гаргасан байсан. Гэтэл түүний дараа хоёр мөрдөгч солигдсон өнөөдрийн байдлаар зарна гэж байршуулсан байна.

С.Амармандах гэх хүнд Н.Хосбаяр гэх хүн буфе хоолны газрын эд зүйлс зарсан. Ингэхдээ С.Энхзориг гэх хүний эд зүйлсийг зарсан ерөнхийдөө ийм л байгаа юм.

Амраа ах надтай уулзъя гэдэг саналыг нэг ч удаа тавиагүй. Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Хэрэв тийм бол үүрэн телефоныг шүүгээд баримт нотолгоогоо гарга гэж хэлмээр байна.

-Таны эд зүйлсийг авч байх үеийн баримт хяналтын камерт үлдсэн байсан уу?

-Тухайн үед эд зүйлсийг хулгайлж авахдаа өглөөний 07.30 цагт улаан өнгийн приус маркийн автомашин, С.Амармандах ахын улаан өнгийн Форд машин "Gem Palace"-ийн орчимд ирж өдөр 13.00 цаг хүртэл тэр хавиар эргэлдэж байгаад эд зүйлсийг ачсан баримт байгаа. Тэр өдөр агуулахын харуулын ээж эмнэлэгт хагалгаанд орсон учир эзгүй байж таарсан. Ингээд 13.30 цагийн үед агуулахын цоожийг хөшиж онгойлгоод, зөөж явсан.

Эд зүйлсийг зөөсөн хүмүүс мэдүүлэг өгсөн. Тэдгээрийн зүгээс яагаад цоожийг нь хөшиж байгааг асуухад манай эд зүйлс гэсэн хариултыг өгсөн байсан.

-Н.Хосбаяр гэдэг хүний хувьд таны эртний найз шүү дээ. Гэтэл эсрэг мэдээлэл өгсөн байсан. Түүний талаар ямар байр суурьтай байна вэ ?

-Н.Хосбаяр гэдэг хүн хуурамч материалууд өгч байгаа. Үүнийг шалгуулах хүсэлтэй байгаа. Энэ хүн Скай Лакс дампуурсан, ажиллах боломжгүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Гэтэл энэ газар ковидын үед жилийн 7 сая төгрөгийн орлоготой ажилласан. Ийм байхад дампуурах боломжгүй.

Мөн Н.Хосбаяр 6 газар дампууруулсан баримт гарч ирсэн. Эхлээд дампууруулсан 5 газар нь бүгд гадаадын хөрөнгө оруулалттай байсан. Харин 6 дахь газар нь Скай Лакс болж таарсан. Үүнийг сая л олж мэдлээ. Эдгээр газруудыг яг ижил аргаар дампууруулсан байна. Эдгээр газрынх нь талаарх баримтуудыг удахгүй дэлгэх болно.

Н.Хосбаярыг луйвар хийхийн оронд амьдралд байдаггүй маш сайн зөгнөлт зохиол бичих хэрэгтэй гэж харж байна.

-Хэрэг мөрдөж буй мөрдөгчдийг солих хүсэлтэй байгаа гэсэн шүү дээ. Одоо ямар учиртай гомдол өгөх гэж байгаа вэ?

-Одоо цагдаагийн байгууллагад гомдол өгөх гэж байна. Мөн эд хөрөнгийг битүүмжлэх хүсэлтээ тавьсаар л байгаа. Хан-Уул дах цагдаагийн газарт хулгай мөн эсэхийг тогтоолгох асуудал байгаа. Харин Баянгол дүүргийн цагдаагийн газарт Н.Хосбаярыг тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн гэх гомдол өгсөн байгаа. Мөн нөлөөлөл орж байна гэж хардаж байгаа. Мөрдөгч солиулах хүсэлт гаргах болно. Одоогоор өгөөгүй байгаа. Хэрэг хаагдсан байгаа учир ямар шийдвэр гарах бол гэсэн хүлээлттэй байна.

Н.Хосбаяртай нүүрэлдүүлсэн байцаалт өгөхдөө мөрдөгчид Н.Хосбаярын баримтыг шалгуулмаар байгаагаа хэлсэн. Шалгаад өгөөч гэж гуйсан боловч харамсалтай нь шалгаагүй.

Энэхүү бичлэгийг үзэж байгаа иргэд минь надад итгээрэй. Заавал үнэн ялах болно.

- Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалжийн баримт

Улаанбаатарт 8 хэм дулаан
Улаанбаатарт 8 хэм дулаан
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.