Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан автобус Баянхонгор аймгийн Бууцагаан сумын онхолдож, нэг хүн амь насаа алдсан хэрэг өнөөдөр /2022.04.27/ гарсан. Ослын нөхцөл шалтгаан болон зорчиж явсан иргэдийн талаар Баянхонгор аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ж.Алтангэрэлээс тодрууллаа.
-21 зорчигчтой автобус онхолдсон зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослын дуудлага мэдээлэл ОБГ-т хэдэн цагт ирсэн бэ?
-Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газарт Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн уурхай чиглэлд зорчиж байсан өрөм тэсэлгээний "Мера Сервис" хувьцаат компанийн ажилчдын 45 хүний суудатай автобусанд 21 хүн зорчиж яваад осолдсон. Өглөөний 05:00 цагт Бууцагаан сум дахь ОБГ-т дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу тус сумын Онцгой байдлын гал унтраах ангийн даргаар ахлуулсан шуурхай бүлэг очиж ажилласан. Очиход тухайн автобус замын хажуу руу унасан байдалтай байсан. Онцгой байдлын байгууллага шуурхай арга хэмжээ авч, бэртсэн иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд Бууцагаан сумын эмнэлгийн болон цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж ажилласан.
-Зорчиж явсан иргэдийн биеийн байдал ямархуу байгаа вэ. Хаана эмчлүүлж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Нэг хүн автобусанд дарагдаж амь насаа алдсан. Бусад иргэдийн биеийн байдлыг хүнд, хөнгөн, хүндэвтэр хэмээн эрэмбэлсэн. Бууцагаан сумын эмнэлэгт нэн хүнд-5, хүндэвтэр-7 нийт 12 хүн эмчлүүлж байна. Улаанбаатар хотоос тус "Мера Сервис" компани онгоц захиалж хүнд, хүндэвтэр байгаа иргэдийг авахаар ирсэн. Мөн аймгийн ЭМГ-аас нарийн мэргэжлийн гурван эмч Бууцагаан сумын эмнэлэгт ажиллаж, эрэмбэлэн ангилалт хийж байна.
-Ослын шалтгаан нөхцлийг урьдчилсан байдлаар тогтоосон болов уу?
-Шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллага тодорхойлдог. Онцгой байдлын байгууллагын зүгээс холбогдох авран хамгаалах ажиллагаагаа хийсэн.