Нийслэлээс танилцуулж, Засгийн газраас нийслэл хотод тулгуурт байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэргийг байгуулахад шаардлагатай төсвийн тодорхой хувьд Засгийн газрын баталгаа гаргуулах тогтоолын төслийг Төсвийн тухай хуультай хамт өргөн өргөн барьсан. Гэвч Төсвийн байнгын хороо уг тогтоолын төслийг төсвийн тусгай шаардлагыг хангаагүй, хууль зөрчсөн гэж үзсэн учраас хэлэлцэлгүй татаж авсан юм.
Үүнээс улбаалж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай нийслэлээс сонгогдсон гишүүд өнгөрсөн баасан гарагт нэлээд ширүүхэн маргаан өрнүүлсэн. Улмаар уг асуудлыг өчигдрийн бүлгийн хурлаар хэлэлцэж дахин сайтар нягтлах нь зүйтэй гэсэн улс төрийн шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл тогтоолын төслийг хууль зөрчсөн гэж байнгын хорооны хурал дээрээ хэлэлцээгүй УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай уг асуудалтай холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийслэлээс оруулж ирсэн тулгуурт байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу LRT төсөл сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаж байна. Ялангуяа Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төслийг Төсвийн байнгын хороон дээрээс таныг “сугалж” авсан гэж гишүүд шүүмжилж байна. Яагаад байнгын хороо тогтоолын төслийг татаж авсан юм бэ?
-Энэ асуудал дээр гурван зүйл ярина. Энэ бол Засгийн газрын баталгаа гаргах УИХ-ын тогтоолын төсөл байгаа юм. Тиймээс Засгийн газрын өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хүрээнд л асуудлаа яръя. “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт ХХК-ийг 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 27 дугаар тогтоолоор байгуулах шийдвэр гарсан боловч, байгууллагын регистрийн дугаар албажаагүй. Гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөл 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хараахан томилогдоогүй байна. Энэ нь Өрийн удирдлагын тухай хуулийн 34.2.1-т заасны дагуу баталгаа гаргуулагч нь сүүлийн 3 жил санхүүгийн тайлан тэнцлээр ашигтай ажилласан байх гэсэн шаардлагыг хангахгүй байна” гэжээ. Энэ бол өөрөө Өрийн удирдлагын тухай хуулийн заалт. Гол зөрчил үүн дээр байгаа юм.
Би Хүрэлбаатарын зохион зүйлийг яриагүй. Засгийн газрын оруулж ирсэн төсөлд бичсэн зүйл дотроос нь ярьж байна.
Уг нь ТЭЗҮ зохиогдсон үнээрээ буюу 2.8 тэрбум ам.доллараар Засгийн газрын баталгаа гаргах ёстой. Хэрвээ энэ дүнгээрээ баталгаа гаргавал 2022 онд өрийн босго дотоодын нийт бүтээгдэхүүний 77.6 хувьтай тэнцэж, хуулиараа 70 хувь байх ёстойгоосоо давчихаад байна.
Нэгдүгээр шугамын 510 сая ам.доллар дээр нь баталгаа гаргая гээд үзэхээр мөн л 2023, 2024 оны өрийн босгыг зөрчих болчихоод байгаа юм.
-Засгийн газраас оруулж ирсний дагуу УИХ баталгаа гаргаж өгөхийг зөвшөөрөхөд 2022 онд өрийн босгыг давахгүй ч дараагийн жилүүдэд өрийн босгыг давах гээд байгаа гэж ойлгох хэрэгтэй болох нь?
-Яг үнэн. Өөрөөр хэлбэл 2022 онд өрийн босго бол ДНБ-ний 70 хувь байх хуультай. 2023 онд ДНБ-ний 65 хувь, 2024 онд ДНБ-ний 60 хувь байх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ хуулиа зөрчихөөд байна. Энэ бол хоёр дахь зөрчил нь.
-Тэгвэл таны харж буй гурав дахь зөрчил нь юу байна вэ?
-Гурав дахь зөрчил нь тогтоолын төслийг уншаад үзвэл 2032 он хүртэл 420 сая төгрөгийг санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн суурь зарлагад авто замын түгжрэлийг бууруулахад зориулж гаргана гэж байгаа юм. Тухайн парламентын төсөвтэй холбоотой бүрэн эрхийн хугацаа бол парламентын бүрэн эрхийн хугацаагаараа хязгаарлагддаг. Шинээр бүрэлдсэн парламент энэ хүрээндээ төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл гэх дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийг баталдаг. Энэ эрхээрээ парламент 2022, 2023, 2024 гэсэн жилүүдэд л төсөвтэй холбоотой шийдвэрийг одоо гаргана. Энэ тогтоолын төсөлд 10 жилийн турш хэрэгжих заалтыг оруулж ирсэн нь үндсэндээ дараагийн гурван парламентын өмнөөс шийдвэр гаргаж, бүрэн эрхэнд нь халдаж хуулийн зөрчил.
-УИХ уг асуудлыг яаралтай шийдээд, Засгийн газар баталгаа гаргаад ажлаа тавдугаар сард эхлүүлэхгүй бол 2024 оноос өмнө түгжрэлийн асуудлыг шийдэхэд хүндрэлтэй болно. Энэ бол түгжрэлийг шийдэх цогц төлөвлөгөөний нэг чухал хэсэг гэдэг тайлбарыг Д.Сумъяабазар дарга болон нийслэлээс сонгогдсон гишүүд өгч байна лээ. Хуулийн хүрээнд шийдэл эрэлхийлээд явуулах боломжгүй байсан уу?
-2032 он гээд парламентын бүрэн эрхтэй холбоотой асуудлыг 2024 он гээд засчихлаа гэж бодъё. Гэтэл өрийн босго хэтэрсэн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчихсөн байгаа учраас л болохгүй гэсэн. Үндсэн шалтгаан нь ерөөсөө л энэ. Гадуур явж байгаа бусад зүйл бол зүгээр л “явган” улс төр.
-Улаанбаатарын нэг номерын асуудал бол түгжрэл. Үүнийг шийдэх төсөл орж ирэхэд таныг хотын даргатай хувийн харилцаанаас болоод унагачихлаа гэдэг өнцөг байна. Үнэхээр улс орон, нийслэлчүүдийн эрх ашгаас давсан хувийн асуудал танд байгаа хэрэг үү?
-Янз бүрийн тийм улс төрийн шалтгаан байхгүй. Яагаад гэвэл хуулийн заалттай л зөрчилдөөд байна. Асуудал байгаа бол асуудлаа л яръя. Өөр бусад нь мянга дахь асуудал. Миний шаардлага бол хууль зөрчиж болохгүй гэдэг л зүйл. Гэтэл хууль зөрчсөн асуудлаа ярихгүй “Хүрэлбаатар гоё, муухай. Эвсэл арван жилийн өмнө Увсад тийм хэмжээний хөрөнгө оруулалт тавигдаж гэнэ. Улаанбаатараас Улаангом руу зам тавьжээ” гэх хандлага гаргах хэрэггүй. Асуудал байгаа бол асуудлаа л ярьцгаая.
-Гол нь байнгын хороогоор хамт өргөн барьсан хууль болон тогтоолын төслийг хэлэлцчихээд яагаад түгжрэлийг бууруулах уг асуудлыг огт хэлэлцүүлэхгүйгээр сугалж авах болов. Магадгүй маргааныг дэвэргээд буй нэг факт бол энэ байна?
-Яагаад вэ гэвэл төсөв бол өөрөө төсвийн тусгай шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Гэтэл энэ төсөл нь төсвийн тусгай шаардлагыг хангаагүй байгаа учраас энэ тогтоолын төслийг авч үлдээд, шаардлага хангаж буй төслүүдийг хэлэлцээд л явсан.
-Өнөөдөр /2022.4.25/ бүлэг хуралдаад ажлын хэсэг гаргаж тогтоолын төслийг дахин нягтлах шаардлагатай гэх улс төрийн шийдвэр гаргасан. Төсвийн тодотголтой хамт дагалдах хуулиуд дунд өргөн баригдсан энэ тогтоолын төслийг хянаад УИХ-аар шийдвэр гаргуулаад тав дугаар сард нь багтаагаад бүтээн байгуулалтыг нь эхлүүлэх боломж байхгүй юу?
-Дэгийн тухай хуулийн дагуу төсвийн тодотголын хэлэлцүүлгүүд хийгдээд тодотгол явчихна. Ер нь нэг зүйл хэлэхэд 2.8 тэрбум ам.доллар, дахиад Тавантолгой цахилгаан станцын 560 сая ам.доллар. Нийлээд 3.3 тэрбум ам.долларын зээлтэй холбоотой, баталгаатай холбоотой асуудлыг ул суурьтай, нухацтай ярих нь зөв биз дээ. Олон нийт гүйцэд ойлголт аваг. Миний хувьд алдаа, оноогоо ярьж байж бид шийдвэр гаргах нь зөв болов уу гэж бодож байна. Өрийн босго давчихсан, эдийн засгийн нөхцөл байдал яг одоо тогтворгүй байна. Дээр нь нэмээд ханшийн асуудал дарамт болж байна. Энэ төслөөс гадна бусад бүтээн байгуулалтын ажлууд ч явагдана. Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтаас эхлээд бидэнд ярих олон зүйл бий. Ганцхан энэ асуудал байгаа биш шүү дээ.
-Энэ төслөөс болоод танай бүлгийн гишүүд хоёр талд гарчих гэж байгаа юм шиг л амралтын хоёр өдрийг өнгөрөөлөө. Ер нь бүлгийн хурлаар гишүүд энэ асуудалд хэрхэн хандаж байна. Бүлгийн гишүүдийн ойлголцол хаалттай хуралдааны үеэр ямархуу байв?
-Бүлгийн гишүүд асуудалд өөр өөрсдийнхөө байр сууриас л хандана. Чи, бид хоёр гишүүдийг ингэж хандлаа, тэгж хандлаа гээд шүүгээд байхгүй. Шүүх ч боломжгүй. Ер нь бол Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Гэхдээ шийдэл маань нэлээн бодчихсон, төлөвлөчихсөн, хуулийн дагуу л байгаасай. Үүнийг тэр ажил хариуцаж байгаа хүмүүс нь хийж байгаа байлгүй. Хамгийн гол нь бүх үйл ажиллагаа хуульд нийцсэн байх учиртай. Хуулийн дээр гардаг эрх ашиг гэж хаана ч байхгүй. Өөрөөр хэлбэл яаралтай учраас хууль зөрчиж болно гэдэг ойлголт ерөөсөө байж болохгүй. Хууль засагласан улсад л би амьдрахыг хүсэж байна. Эхлээд хуулийг ягштал мөрдүүлсэн байх дээрээ тал талдаа л ойлголцъё.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Г.Лхагвадорж