Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг "Бэлтэс Мөрөн" гэх компанийн үйл ажиллагааг АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргасан хуульч Д.Алтангэрэлтэй тус компанитай холбогдох цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таны хувьд "Бэлтэс Мөрөн" компанийг шалгуулах хүсэлтийг АТГ-т өгсөн. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч, Хөвсгөл аймагт ажиллаж, тус компанийг шалгаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Миний гаргасан гомдлын хүрээнд УЕПГ-аас харьяалал тогтоон ажлын хэсгийн бүрэлдэхүүн гарч, Хөвсгөл аймагт газар дээр нь ажиллаж байна гэсэн мэдээлэл байгаа. Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэргийг яаралтай түргэн шуурхай шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ ажлын хэсэг гарахаас өмнө Хөвсгөл аймгийн цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллага "Бэлтэс Мөрөн" гэх компанитай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулан, тус компанийн үйл ажиллагааг дэмжих байдлаар оролцож байсан. Гэтэл хуульд заасан чиг үүрэг нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох байтал энэ чиг үүргээ биелүүлэхгүй байсаар жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ бүхнээс харахад ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэх боломжтой.
-Одоогийн байдлаар тус компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор хэчнээн иргэн, хэдэн төгрөгөөр хохироод байна вэ. Цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Одоогийн байдлаар 200 орчим тэрбум төгрөгийн хохирол гарна гэсэн тооцоолол байна. Энэ төлбөрийг "Бэлтэс Мөрөн" компани төлж барагдуулах ямар ч боломжгүй. Учир нь энэ компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй. Энэ компанид мөнгөө өгсөн иргэд байвал яаралтай эргүүлэн аваасай гэж хүсэж байна. Эс бөгөөс бүгд хохирогч болно гэдгийг сануулмаар байна.
-"Бэлтэс мөрөн" гэх компани нь олон улсад "койн" гаргадаг гэсэн мэдээлэл байгаа. Гэтэл тус компанийн дансыг хаачихсан байгаа. Монголбанк эсвэл бусад арилжааны банкаар дамжуулахгүйгээр олон улсад гүйлгээ хийх боломжтой юм уу?
-Яг энэ аргаар иргэдийг хуурч мэхэлж байгаа. Миний хувьд өмнө нь энэ компанийн талаар мэдээлэл хийхэд Хөвсгөл аймгийн иргэдийн зүгээс ард иргэдийн амьдралд туслалцаа үзүүлж байгаа компанийн үйл ажиллагааг санаатайгаар таслан зогсоох оролдлого хийж байна хэмээн нэлээд бухимдалтай хүлээж авсан.
Гэтэл "Бэлтэс Мөрөн" компани нь арилжааны банканд ямар ч дансгүй. Иргэдээс авсан мөнгийг койн болгон олон улсад гаргаж ашиг олон иргэдэд мөнгийг нь буцаан олгож байгаа гэдэг зүйлийг ярьдаг.
Одоогоор уг компанид мөнгө өгсөн иргэдийн зүгээс хохирогч байхгүй гэж эсэргүүцэж байгаа. Энэ компанийн үйл ажиллагаанд ямар нэг хязгаарлалт байхгүй учир хохирогч одоогоор алга байна. Нөгөөтээгүүр энэ компанид мөнгөө өгч нэмэгдүүлэх хүсэлтэй маш олон иргэн байна. Эндээс харахад эхэнд авсан иргэдийн мөнгийг нэмэгдүүлж өгөхөд "Бэлтэс Мөрөн" компанид одоогийн хувьд ямар ч хүндрэл байхгүй. Одоогоор хохирогч байхгүй нь ойлгомжтой ч хяналт шалгалтын ажил хийгдэж дууссаны дараа энэ компанийн үйл ажиллагааг таслан зогсооно. Иргэд эхнээсээ мөнгөө аваад эхлэхээр маш их хэмжээний хохирол үүснэ. Мөнгөө оруулсан иргэд бүгд хохирогч болоод үлдэнэ.
-Хохирсон иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ. Иргэд хэрхэн хохиролгүй үлдэх боломжтой гэж харж байна?
-Юуны өмнө энэ компанид мөнгөө өгсөн иргэд яаралтай авах хэрэгтэй. Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол "Бэлтэс Мөрөн" компанид өмнө мөнгөө өгч нэмэгдүүлж авсан иргэдийг иргэний хариуцагчаар татан илүү авсан мөнгийг нь буцааж татах болно.
Харин компанийн хөрөнгө орлого, данс буюу гэмт хэргийн үйл ажиллагаанаас олдсон хөрөнгийг битүүмжлэн хохирогч нарт хувь тэнцүүлэх байдлаар олгох боломжтой.
-Өнгөрсөн долоо хоногт "Бэлтэс Мөрөн" компани өөрийн албан ёсны хуудсаар дамжуулан "Цагдаагийн байгууллагаас манай компанийг шалгаж байгаа. Тиймээс иргэдийн хохирлыг барагдуулахгүй" гэх утгатай мэдэгдэл гаргаад удалгүй устгасан байдаг. Үүнээс харахад уг компанийн хүмүүс ор сураггүй алга болох, хилээр гарах гэдэг ч юм уу хариуцах эзэнгүй болох вий гэсэн хардлага төрж байна. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа тохиолдолд хилээр гарах боломжтой юу?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ явагдаагүй үед чөлөөтэй зорчих эрхтэй байдаг. Энэ байгууллагын үйл ажиллагааг явуулж буй этгээдүүд тэнд цугласан их хэмжээний мөнгийг аваад гадаад улс руу гарч алга болбол мөнгө оруулсан иргэд бүгд хохироод үлдэнэ. Энэ асуудлаар тус компанийн үйл ажиллагааг явуулж буй этгээдүүдийг цагдан хорих, Монгол Улсын хилээр нэвтрэхийг нь хязгаарлах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ яаралтай авах шаардлагатай. Тэгж байж асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлнэ. Таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй үед хэрэг бүртгэлийн шатанд эдгээр хүмүүс оргон зайлах боломжтой.
- Ярилцсанд баярлалаа.