МХЕГ-аас өнгөрсөн долоо хоногт "Kinder" шоколадан бүтээгдэхүүний талаар сэрэмжлүүлгийг хүргэсэн.
Тодруулбал, "Олон улсын ИНФОСАН сүлжээнд мэдээлснээр Kinder Surprise, Kinder Happy Moment, Kinder Mini Egg зэрэг шоколадан бүтээгдэхүүн Salmonella Typhimirium нянгаар халдварлагдсан байж болзошгүй тохиолдол Их Британи, Бельги, Франц, Герман зэрэг найман улсад бүртгэгдээд байгаа бөгөөд энэ сарын 05-ны байдлаар нийт 134 тохиолдол бүртгэгдсэний 105 нь батлагджээ. Халдвар авсан авсан хүмүүсийн ихэнх нь 10 хүртэлх насны хүүхдүүд байгаа аж.
Тэгвэл Бразилын үндэсний эрүүл ахуйн хяналтын агентлаг "Kinder" брэндийн бүтээгдэхүүнүүдийг импортлох, худалдах, түгээхийг хориглосон байна.
Европт уг нэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа гэдэсний цочмог халдварт “сальмонеллёз” өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ.
Хэдийгээр Бразил улс эдгээр бүтээгдэхүүнийг нийлүүлсэн орнуудын тоонд ороогүй ч иргэдэд мэдээлэл өгөх, иргэд эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх, хувь хүн эсвэл импортлогчид гадаадаас оруулж ирэхээс зайлсхийхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.