Унгарын “Их Дуулга“ тэмцээнээс Ө.Бямбасүрэн мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

Ангилал
Дэлхий дахинд Спорт
Огноо
Унших
2 минут 11 секунд

Унгарын "Их Дуулга" тэмцээн энэ сарын 11–13-ны өдрүүдэд болж, 67 орны 504 жүдоч өрсөлдлөө. Тус тэмцээнд Монголоос есөн тамирчин оролцсоноос хоёр нь медаль хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ө.Бямбасүрэн мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү хүрэл медаль хүртжээ. Нийт 29 улс медаль хүртсэнээс Монголын баг нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар 14 дүгээр байрт жагсав. Медалийн чансааг Японы баг гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медалиар тэргүүлсэн бол ОХУ хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар удаалжээ.

Израилийн баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн Бразил, Азербайжан, Итали, Испани, Хорват, Болгар, Грек улсын тамирчид тус бүр нэг алтан медаль хүртжээ. Ө.Бямбасүрэн Их Дуулгаас анхны медалиа хүртэж, дэлхийн чансаанд 69 дүгээрт бичигдэв.

Өдгөө 23 настай Ө.Бямбасүрэн Их Дуулга тэмцээнээс анхны медалиа хүртсэнээр дэлхийн чансаандаа 700 оноо нэмж, нийт 705 оноотой боллоо. Ингэснээр тэрбээр чансаанд 446 байр ахиж, 69 дүгээрт бичигдэж эхэлсэн байна.

Б.Баасанхүү ДАШТ-д оролцох боломжтой боллоо Олимпын наадмаас хойш хэсэг хугацаанд завсарлаад, жүдо бөхийн дэвжээнд эргэн ирсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Баасанхүү олон улсын хоёр дахь тэмцээндээ оролцож, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр уг амжилтаар дэлхийн чансаанд 660 оноотой болж, 53 дугаар байрт бичигдэх болсон байна. Ингэснээр ирэх аравдугаар сард болох жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой болжээ.

Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийн дагуу дэлхийн чансааны эхний 100-д багтсан тамирчин ДАШТ-д улсаа төлөөлөн оролцох эрхтэй юм.

Гэр бүлийн шүүхийн байр барих зардлыг 2027 оны төсвөөс хасжээ
Гэр бүлийн шүүхийн байр барих зардлыг 2027 оны төсвөөс хасжээ
 
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!