Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Банкуудын валют хязгаарлаж байгааг эх оронч үзлийн үүднээс хийж байгаа ажил гэж харж болно“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 0 секунд
Гэрэл зургийг mpa.mn

"Монголын эдийн засгийн чуулган 2022" Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Энэ удаагийн чуулганыг "Шинэ сэргэлт" уриан дор явуулж байгаа. Чуулганд төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, бүх салбарын тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй ярилцаж, хэлэлцэв.

Чуулганд оролцогчид хэлэлцүүлэг болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

Банкуудын хувьд дэлхий даяар эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний нөөцөө хэрхэх вэ гэж сандарч байхад хаа хамаагүй хэн дуртайд нь доллар өгөөд гаргаад байж болохгүй дэс дараалал тогтооё гэсэн зүйл яригдаж байна.

Гэрэл зургийг mpa.mn

Банкуудын холбооны захирал Б.Амар: Манай улс 4.8 тэрбум долларын нөөцтэй байснаас 3.2 болж буурсан. Энэ нь хангалттай нөөц гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон улсын сайн туршлагаас харахад 3 сарын валютын нөөцийг хангалттай нөөц гэж үздэг. Одоо манай улсад байгаа 3.2 тэрбум долларын нөөц нь 6-7 сарын импортыг хангана.

Өнөөдрийн байдлаар зах зээлд хэн ч урьдчилж олж харах боломжгүй, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан хүмүүсийн айж, мэгдэх нөхцөл байдал үүсээд байна. Банкуудын хувьд бусад хүмүүсээс мөнгө цуглуулж түүнийгээ зээлдүүлдэг үйл ажиллагаа явуулдаг газар. Тиймээс банкууд харилцагчдынхаа мөнгийг хадгалж тэргүүн шаардлагаар гаргаж өгөхгүй бол түр зуурын цочролоос болж ямар ч хяналтгүйгээр доллар гаргавал улсад хохиролтой. Тиймээс банкуудын валют хязгаарлаж байгааг эх оронч үзлийн үүднээс хийж байгаа ажил гэж харж болно. Хоёрдугаарт банкууд өөрсдийнхөө харилцагчдыг хамгаалж байгаа үйл ажиллагаа юм.

Дэлхий даяар эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний нөөцөө хэрхэх вэ гэж сандарч байхад хаа хамаагүй хэн дуртайд нь доллар өгөөд гаргаад байж болохгүй дэс дараалал тогтооё гэсэн зүйл яригдаж байна. Төр засгийн хандлага хаашаа чиглэхээс шалтгаалан банкнуудын нөхцөл байдал өөрчлөгдөнө. Одоо үүсээд буй доллартой холбоотой асуудал нь харьцангуй богино хугацааны шок юм. Энэ түр зуурын үзэгдэлд хэтэрхий их "эмоциор" хандах шаардлагагүй.

Боомт ложистикийнхаа асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ энэ асуудлаа шийдэх хүртэл байдал тийм ч амар байхгүй

Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан: Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь чуулган болохоос өмнө зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг явсан. Тухайн хэлэлцүүлгүүдээр ямар асуудал байгааг ярилцаж сорилтоо тодорхойлсон. Тиймээс тодорхойлсон сорилтоо тойруулан ажиллаж байна. Ерөнхий сайдын хэлснээр 10 тодорхой зорилтыг авч үзэн түүнийгээ дараагийн эдийн засгийн чуулган хүртэл "яс" хийе гэсэн онцлогууд байна. Шинэ сэргэлтийг зургаан хүрээнд авч хэрэгжүүлж байгаа. Энэ бол тохиолдлын зүйл биш Монгол Улс үүнийг хийхээс өөр сонголтгүй болсон. Чуулганаар яригдаж буй шинэ сэргэлтийг өгөөжтэй хурдан хийхийн тулд хувийн хэвшлийг татан оруулж, төрийн үйлчилгээг ил тод болгох тал дээр нэлээдгүй ажил хийнэ гэсэн хүлээлттэй байна.

Мөн төрийн өмчийн компаниудыг хувьцаат компани болгох буюу үйл ажиллагааг нь ил тод болох, тендерийг арын хаалгагүй, авилгагүй болгох, хувийн салбаруудын өрсөлдөх, бизнесээ зөв авч явах орчинг бүрдүүлэх гэх мэт эдийн засгийн суурь асуудлуудыг сайжруулах шаардлагатай гэж харж байна.

Эдийн засагт гарч буй одоогийн нөхцөл байдлыг харвал бодлогын хүү 9 хувьтай. Харин инфляц 14 хувьд хүрсэн байгаа. Энэ хооронд 5 хувийн зөрүү гарч байна шүү дээ. Тиймээс энэ нөхцөл байдлыг түр зуурынх уу эсвэл удаан хугацааных уу гэдгээс бүх зүйл хамаарна. Манай улсын эдийн засагт хойд хөршийн дайн, урд хөршийн ковидын асуудал давхар хүнд ачаа болж байгаа. Тиймээс ядаж дотооддоо инфляцынхаа түвшинг бууруулахын тулд боомт буюу ложистикийнхаа асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ энэ асуудлаа шийдэх хүртэл байдал тийм ч амар болохгүй байх.

Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ удаагийн эдийн засгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя.

Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд

Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ. Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанаар Шинэ Зуун хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан. Түгжрэлийг бууруулахад Засгийн газар 420 тэрбум төгрөг шийдсэн. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр барина. Богдхан уулыг тойрсон 136 км төмөр зам барина. Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барина.

Боомтын сэргэлтийн хүрээнд

Хилийн боомтуудаа төмөр зам болон авто замаар холбоно. Төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3,500 км авто зам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барина.

Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд

Дулааны II, III цахилгаан станц, Чойбалсан, Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Тавантолгой, Багануурын дулааны станц, Төвийн бүсийн тав дахь эх үүсвэр, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц барина. Мөн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барина.

Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн. 2023 оны эхний хагас жилээс бүрэн хүчин чадлаараа ажиллана. Мөн Эрдэнэт үйлдвэрийн зэсийн ордыг иж бүрэн ашиглах, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолбор барих, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд байгуулж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах зорилт тавьсан.

Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрөөр 600 мянган га талбайд мод тарина. Мөн нийт хог хаягдлын 40 хувийг дахин боловсруулж, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчилнэ.

Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд

Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн шууд хяналтад оруулах саналыг Эдийн засгийн чуулганаар дэмжвэл Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн барихад бэлэн.

Э.Дэлэгнанзадмаа

БИЧЛЭГ: 1.4 тэрбумын үнэ бүхий УБТЗ-ын калмар шатжээ
БИЧЛЭГ: 1.4 тэрбумын үнэ бүхий УБТЗ-ын калмар шатжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.