Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

 Л.Дөлгөөн: “Гэм зэм“ жүжгээр овоглогдоно гэдэг нь амьдралынхаа дурсамжид нэгэн шинэ хуудсыг нээж байгаа хэрэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 25 секунд

Театрын урлагт шинэ өнгө төрхийг бий болгож буй "Гэм зэм" жүжиг ирэх сарын 03-ны өдрөөс дахин тайзнаа тоглогдох гэж байна. Уг жүжгийн жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, дөрвөн ч жүжигчин “Гэм зэм”-ийнхэн гэх их айлд хөл тавиад буй. Ингээд Зосимовын дүрд тоглохоор сонгогдсон залуу жүжигчин Л.Дөлгөөнтэй ярилцлаа.

-“Гэм зэм” жүжгийн Зосимовын дүрд тоглох саналыг хэзээ, хэрхэн хүлээж авав?

-“Гэм зэм” жүжиг миний хамгийн анхны тоглох гэж байгаа постдрамын жүжиг. Энэхүү алдартай жүжигт тоглох болсондоо туйлын их баяртай байна. М.Батболд найруулагчийг анх санал тавихад нь маш баяртай хүлээж авсан. Зосимовын дүр нь Раскольныковын дүрийн шүүх хурал дээр орж гэрчийн мэдүүлэг өгдөг, сэтгэцийн эмчийн үүднээс найзыгаа хамгаалдаг дүр л дээ. Би бодохдоо сэтгэцийн эмч нь жүжгийн чимэг дүр гэж хардаг.

-Зосимовын дүрд сонгогдон тоглох болсон давуу талаа юу гэж хэлэх вэ?

-Би Орос хэлтэй. Зохиолоо Орос хэл дээр нь уншиж байсан. Жүжигт тоглохоор болсон тул Монгол хэл дээр уншсан. Найруулагчийн шийдлийг нь хараад алмайрч гайхаж байсан. Миний бодлоор гэмийг дагаж үргэлж зэмлэл ирдэг. Тэр зэмлэлийг гагцхүү чиний үйлийн үр л шийднэ. Романыг уншиж, жүжгээ үзсэний дараа ийм бодол төрсөн.

-Дүрийн мөн чанарын хувьд юу гэж ойлгож байна вэ. Энэ дүрд тоглосноороо залуу хүний хувьд ямар зүйлийг хэлэхийг хүсэж байна?

-Дүрийн мөн чанар нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлууд залуучуудад хэрхэн тусаж байгааг өөрийн өнцгөөс харж, сэтгэж нөгөөтээгүүр сэтгэцийн эмчийн үүднээс илэрхийлнэ гэж бодож байна.

-Залуучуудад тулгамдаж буй асуудлыг дуугарна гэлээ. Тодруулбал?

-Амьжиргааны түвшин болоод нийгэмд болж буй асуудлуудад өөрийн зүгээс ямар байр суурьтай байгааг л хэлж байгаа юм. Жүжиг үзэхээр ирж байгаа үзэгчид өөр өөрийн л байр суурьтай байгаа шүү дээ. Залуусын хувьд бас л ялгаатай. Зарим нь бизнес нь амжилттай явж байгаа, нөгөө хэсэг нь ажилгүй ч хүмүүс байгаа. Тэдгээр залуучуудад шударга бусаар мөнгө олох, эсвэл нэгэн зэрэг олон ажил хийж ажлын "боол" болж байж л амжилтад хүрнэ гэдэг утга санааг хэлж байна гэх юм уу даа.

-Яг үнэндээ өнөөгийн нийгэмд залуус бид яг л тэгж аж төрж байгаа нь үнэн шүү?

-Тиймээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр амьдрахгүй байна шүү дээ. Зарим нь өдрийн цагаар дэлгүүрт, орой нь бааранд зөөгч хийж байгаа залуус ч байна. Энэ нь хүний сэтгэл зүйд ч гэсэн хүндээр тусаж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй юм болов уу.

-“Гэм зэм” жүжгийг өмнө үзэж байхдаа энэ дүрд л тоглочих юмсан гэж бодсон дүр байна уу?

-Би яг тийм дүрд тоглоё доо гэж бодоогүй. Найруулагчийн шийдэл, хувцас, тайз засалт, жүжигчдийн тоглолтыг харж байгаад л гарсан.

-Дүрийн зан араншин, хувь хүний араншин хоёр зөрчилдөж байна уу?

-Тайзан дээр Дөлгөөн л алхаад байж болохгүй. Тиймээс тэнд өөрийн гэсэн орон зай, амьд зүйлсийг бүтээх хэрэгтэй. Зосимов гэх нэгэн шинэ ертөнцийг бүтээнэ. Шинэ ертөнц бүтээнэ гэдэг чинь шинэ хүүхэд мэндлэхтэй л адилхан гэж би ойлгож байна. Мэдээж дагаад хариуцлагатай хандах нь чухал.

-Хамтран ажиллаж байгаа жүжигчидтэйгээ хэрхэн гар нийлж ажиллаж байна?

-Жүжигчдийн бүрэлдэхүүнд шинээр орж ирсэн дөрвөн жүжигчин бий. Мундаг хүмүүстэй хамтран ажиллаж, “Гэм зэм” жүжгээр овоглогдоно гэдэг нь өөрийн амьдралын дурсамжид нэгэн шинэ хуудсыг нээж байгаа хэрэг хэмээн бодож байна.

-Жүжигчин мэргэжлийнхээ талаараа ярьвал?

-Жүжигчний мэргэжил нь эмчээс дутахааргүй хүн судлалын мэргэжил гэж ойлгодог. Нэг хүний дүрийг бүтээхдээ рефлексийг нь хүртэл нарийн судалдаг. Энэ хүн яагаад ингэв, ямар учраас гуниглаж байна гэх мэт нарийн судалгааг хийдэг гэх үү дээ. Тиймээс жүжигчид бол судлаачид л гэсэн үг. Шууд л тайзан дээр гараад жүжиглэдэггүй. Зорилго, зорилт тэр бүү хэл үг хэллэгийг нь хүртэл нарийн судална шүү дээ.

-Залуу хүний хувьд өнөөгийн театрын хөгжлийг хэрхэн харж байна?

-“Гэм зэм”-ээс авахуулаад олон олон жүжиг театрын урлагт өөрчлөлт авч ирж байна. Залуус бидний мэлмий, сэтгэл зүрх, оюун бодлыг тэлэх хэмжээнд ирсэн байна.

-Өөрийг тань ямар нийгэмд амьдрахыг хүсэж байна гэвэл та юу гэж хариулах уу?

-Сайн сайхан нийгэмд л амьдармаар байна. Үе үедээ л үзэл санааны зөрчилд орж байна. Нийгмээсээ шалтгаалаад нэг гэрт л гэхэд гурван өөр үзэл бодолтой хүмүүс төлөвшиж байна.

-Үзэл бодлын тухай ярилаа. Таны үзэл бодол?

-Хүний итгэлийг даасан шиг даах хэрэгтэй. Зорьсон зорилгоосоо хэзээ ч ухарч няцахгүй байх хэрэгтэй юм болов уу. Хүн шатаар дээш өгсөхөд амьсгааддаг, замдаа ядардаг шүү дээ. Яг түүнтэй адил олон саад бэрхшээл тохионо. Гэсэн хэдий ч ухарч няцахгүй байх нь чухал. Саад тотгор бүхнийг шантрахгүй давах нь л миний үзэл бодол.

-Та ер нь ямар зорилго өвөрлөж байна. Зорилгодоо хүрэхээр явж байх замд чинь халширмаар, ухармаар үе тохиолдож байв уу?

-Зорилгоо шууд тодорхойлоод хэлчихэж болохгүй байна. Гэхдээ миний хувьд мэргэжил дээшлүүлэхээс гадна өнөөгийн цаг үед жүжигчнээс юу шаардаж байна тэр бүгдэд суралцахыг хүсэж байна. Олон улсын кино театрын урлагийн хөгжил ямар хэмжээнд явж байгааг сурмаар байгаа. Жүжигчний мэргэжлээр суралцаж байх хугацаанд шантармаар үе гарч ирж байсан. Ер нь жүжигчин хүмүүс сурч байх хугацаандаа олон зүйлийг олж авсан байдаг юм шиг санагдсан.

-Шинэ залуу найруулагчтай хамтарч ажиллахад ямар байна вэ. Хэрхэн ойлголцож байна?

-Би чинь яг цагаан цаас шиг орж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Маш олон зүйлийг зааж сургаж, болох болохгүй зүйлсийг цаг тухайд нь засаж сайжруулаад явж байна.

-Таныг өөр ажил алба эрхэлдэг гэж сонссон. Цаашид жүжигчний мэргэжилдээ бүрэн өөрийгөө дайчилж ажиллах сонирхол байгаа юу?

-Мэдээж жүжигчний хувьд уран бүтээлийн олз омог гэдэг зүйлд шунан дурлана. Уран бүтээлч бүрийн л хүсэл эрмэлзэл тэр. Цаашид боломж байгаа л бол бүх зүйлээ зориулна гэж бодож байгаа.

-Цаашид ямар дүрд тоглох хүсэл эрмэлзэл байна?

-Өөрийн тоглосон бүх дүрээ л сэтгэлд хоногшуулж үлдээмээр байна. Жүжигчин хүн бүр л дүрээ үлдээмээр санагддаг болохоор туслах дүр байсан ч хамаагүй чанартай сайн дүр бүтээнэ.

-“Гэм зэм” жүжгийн үзэхэд, зохиолыг нь уншихад хүн нэгээс авахуулаад нэлээн хэдэн зүйлийг ойлгож авах байх. Таны хувьд?

-“Гэм зэм”-ийг үзсэн хүн оюун санааны хувьд өөрчлөлтөд орно. Нэг ёсондоо эргэлт хийж оюун санаа амар амгалан байдалд шилжинэ гэж ойлгож болно. Бүх хүмүүс биш юмаа гэхэд залуу хүмүүс эндээс амьдралын зорилгоо тодорхойлно байх.

-Жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа дүү нартаа, үе тэнгийн залуустаа хандаж үг хэлээч?

-Өнөөдөр чамд тохиолдож байгаа хэцүү зүйлс маргааш аль эсвэл зорилгодоо хүрсний дараа маш жижигхэн өчүүхэн зүйл болж харагдана шүү. Тиймээс битгий бууж өгөөрэй. Бүү шантраарай л гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

И.Мөнхжаргал: Өөрийгөө намын дарга хэмээн зарлаж байгаа хүмүүс АН-ыг төлөөлөх боломжгүй
И.Мөнхжаргал: Өөрийгөө намын дарга хэмээн зарлаж байгаа хүмүүс АН-ыг төлөөлөх боломжгүй
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.