УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өсвөр насны охидод "даамсаг" тараах санаачлага гаргалаа. Урьд өмнө нь ямар ч популистын олж хараагүй шинэлэг санаа, өвөрмөц халамж. Эрхэм гишүүний хэлж буйгаар “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзээд дэлхийн 21 улс ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг” аж.
Жишээ нь Сингапурт бохь зажлах хориотой гэх мэт хачин жишиг дэлхийд хаа сайгүй. 21 орны жишээ гэдэг бол дэлхийн улсуудын 10 орчим хувь. Зүй нь бид 90 хувиа дагаж нийтлэг ололт амжилтын замаар явмаар. Гэтэл манайхан нэн ховор сонин жишээг хаанаас ч юм гаргаад ирдэг, эсвэл хаа ч байхгүй зүйлийг санаан зоргоор зохиодог авьяастай. Ерөөс хүний биологийн хийгээд нийгмийн проблем үй түм. Проблем болгоныг хүний эрхтэй холбож болно. Жишээ нь “Гатан ижий” улсаараа тэмбүүтлээ гэж халаглаад айл бүрт уут бэлгэвч тараалгасан ч болно. Монгол хүний бөгсний эрх, бүтэн хамарны төлөө. Харамсалтай нь проблем болгоныг шийдэх гэж ардчилал оршин тогтнодоггүй. Тэр тусмаа биологийн процесст төр хариуцлага хүлээх учиргүй.
Өвсөр насны хүүхэд хичээлдээ явахгүй байх олон шалтгаан бий. Шилжилтийн насны сэтгэл зүйн дарамт, гэр бүлийн байдал, ялгаварлан гадуурхал гэх мэтээр жагсаавал нэлээд урт болох болов уу. Эдний хэддүгээрт даамсагны гачигдал орж байгааг чөтгөр бүү мэд. Эрхэм гишүүн маань даамсаг шахах гээгүй сарын тэмдэг нь ирэхэд тэвдэж сандардаг олон мянган охидын бэрхшээлийг шийдье гэж бодсон биз.
Бид өсвөр насны охидоо хүчирхийлэл, ялгаварлан гадуурхлаас ангид, эцэг эх нь шударга цалин авдаг, айж ичих зүйлгүй хүнлэг орчинд, авилгажиж тайрагдаагүй тохитой сургуульд, биологийн бэрхшээлээ давах мэдлэг чадвартай, бие даасан хүчирхэг иргэн болгохын төлөө ардчиллын замыг сонгосон. Социализмын үед ч хүүхдийн боловсролд эцэг эхийн хүлээх хариуцлага байх ёстой гэж үзэж цэцэрлэгийн хоолны мөнгө, сургуулийн фонд бүрдүүлдэг байсан юм билээ. Гэтэл өдгөө хоол нь үнэгүй. Үнэгүйтэйгээ таарсан чанаргүй шахааны. Ангидаа ганц самбар авах гэж мөнгө цуглуулбал эцэг эхчүүд нь барьж идэх шахдаг. Ар гэр нь нэг ч төгрөгийн хариуцлага хүлээдэггүй хэрнээ дэлхийн хэмжээний боловсрол нэхдэг зөрчилтэй сэтгэлгээг ардчилал бий болгожээ. Дур зоргыг популизмаар өөгшүүлээд байвал хэмжээ хязаар тогтохгүй. “Хүмүүс аль болох их идэж, аль болох бага ажиллахыг хүсдэг. Ямар ч хариуцлага хүлээлгүй бүрэн эрхтэйгээр амьдрахыг хүсдэг” гэж Оросын суут зохиолч Максим Горький хэлсэн юм билээ.
Зүй нь эрхэм гишүүн маань даамсаг ярихын оронд боловсролын тогтолцооны суурь гажуудлаа эмчилмээр. Товчхондоо боловсролд хөрөнгө оруулж байгаа нэртэй баахан барилгын компаниудаа тэжээдэг, урсгал зардал нэрээр аймгийн дулааны станцуудаа санхүүжүүлдэг хачин тогтолцоонд асуудал байгаа юм. Ихэнх дулааны станцын эзэд нь УИХ-ын гишүүн болцгоосон. Боловсролын салбарын төсвийг нэмье гэж тэд чанга орилдог. Бодит байдал дээр уурын зуухны л ашиг нэмэгдээд байдаг.
Бүрэн биш юмаа гэхэд хагас үр ашгийн, хагас бие даасан тогтолцоонд шилжихгүй бол төсвөөс өөр хөрөнгө оруулалт байхгүй, багш нар нь цалин бага, ихэнх санхүүжилт нь боловсролд биш байшинд шингэдэг, төсөвт маш том дарамт болдог энэ салбар элгээрээ мөлхөхөд ойрхон байгаа. Боловсролын салбарын тогтолцоо нь өөрөө охидын эрхийг зөрчөөд байгаа болохоос даамсаг дутсандаа муу сураад байгаа юм биш.
Хүний эрх гэх гэдэг бол тогтсон ойлголт. Иргэний ба улс төрийн эрхийн конвенцид нэгдсэн Монгол Улсад иргэн нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрүү шүүлтээс ангид байх, хууль шүүхийн өмнө тэгш байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэх мэт суурь эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна. Малгай дээр байгаа үндсэн асуудлаасаа огцом доошилж салтаа савруу ордог нь ч юм юм. Ядаж дараалалтай байхсан.
Тэр жил хүүхэд нь зодоон хийж үүрээр согтуу ороод ирсэн эхийн сэтгэл айхтар шимширч маргааш нь шөнийн 00.00 цагаас хойш бүх баарыг хаах хууль батлуулаад авч билээ. Үр хүүхдээ архинаас холдуулах гэсэн сайхан сэтгэлийн үр дүнд мэргэжлийн хяналт, цагдааг эзэлсэн авлигийн бүтэн сүлжээ үүссэн юм даа. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгийн найз болохын тод жишээ энэ мэт олон.
Эрхэм гишүүний “тун хариуцлагатайгаар” “ямар ч шахаа оруулахгүй” “яг гарт нь найдвартай өгөх” даамсаг шиг цагаан санаачлага нэг харахад нелонтой эсгий болчихсон явж байна гэж мөрийцөхөд алдахгүй. Энэ нь эрхэм гишүүнээс огт хамаарахгүй. манай тогтолцоо өөрөө учрыг нь олоод шахаа, налуугаа наагаад явчихна. Цавчаа, налуу наавал цаазлаад хаядаг комунист тогтолцоотой байсан бол өөр хэрэг. Фидель Кастро Кубын айл бүрт хятад будаа агшаагч тараагаад яаж ашиглах талаар 2 цаг телевизээр хичээл орсон амжилттай жишээ байдаг л юм билээ.
Эцэст нь бид ер нь явж байгаа замаа нэг харах цаг болжээ. Нэг хартал ардчилсан биш, коммунист ч биш, баян ч биш, ядуу ч биш, тусгаар ч биш, хараат ч биш, жаргаад ч байгаа юм шиг, зовоод ч байгаа юм шиг, хөгжилтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг холимог хуурга шиг хааш яаш хачин жигтэй улс орон болж хувирлаа
Улсын төсөв, төрийн өмчит нийлээд нийт эдийн засгийн 80 хувийг атгалаа. Эдийн засгийн агуулгаараа биднийг ардчилсан улс гэж хэлэхэд хэцүү. Төрийн мэдлийн өмч хөрөнгө хэдий чинээ тэлнэ авилга, шударга бус хөрөнгө хуваарилалт төдий чинээ нэмэгддэг жамтай. Тийм ч учраас ихэнх ардчилсан улс орнууд төсөв ба ДНБ-нийхээ харьцааг маш хатуу тогтоосон байдаг. Нийт эдийн засгийн 40-өөс дээш хувь нь төрд төвлөрөөд ирэхээр улс төр хүссэн хүсээгүй чөлөөт эдийн засагт дайсагнадаг. Манай ДНБ-ний 70 хувийг хувийн хэвшлийнхэн босгох атлаа нийт зарцуулалтын 20 хувийг удирдаж байна. Гэтэл огт баялаг бүтээдэггүй төр 10 төгрөг тутмын 8-ийг зарах ажээ. Ёолж олсон татварын төлөгчдийн хөрөнгийг ёоёо гэхгүй сайхан үрнэ дээ харин ч нэг. Гэнэт ариусмаар санагдаад Богд Зонховагийн хөшөө бариулах бол юу ч биш. Сүм дуганадаа хувиасаа сохор зоос ч хялайлгахгүй хэрнээ түмний хөрөнгөөр бурхан бариулах үнэн сүсэгт төрийн түшээд хэдэн арваараа.
Ерөөсөө Монголын төр баялаг бүтээгчдийнхээ цус сорогч болчихлоо. Бизнес хийхийн оронд яаж хийгээд дарга болсон нь дээр. Төрийн албанд сэтэр зүүж дээрмийн бүлгийн жижиг ч болтугай гишүүн л болохгүй бол эрүүл бизнес, шударга хөдөлмөр амьдралын баталгаа болохгүй. Эцэстээ бүгд дээрмийн бүлэгтээ элсээд дээрэмдүүлэх ч хүн үлдэхгүй нь. Нийтээрээ хөдөлмөрлөх, хийж бүтээх ямар ч хүсэлгүй даамсагаа хүртэл төрөөр даалгадаг нүүрсний бүгд найрамдах улс боллоо. Хэн дуртай нь зүүдэлж сэрээд төрсний, жирэмсний, ядуу байсны гэх мэтээр элдэв хайлант халамж тавиулсаар хавтгайдаа ямар ч үр ашиггүй, баялаг бүтээгчдийнхээ тамирыг сорсон хорлонтой замруу шулуудлаа. Өмнөх тэнэглэлээ дааж ядан тарчлах татвар төлөгчдийн мөнгөөр ядаж даамсаг битгий тараагаасай.