Их Британи улсын иргэн Ребекка Камбелл. Нярай хүүхдийн хамт. Зургийн эх сурвалж: BBC
Ковид-19 цар тахал нь олон жирэмсэн эмэгтэйн төрөлтийн төлөвлөгөөг үгүй хийж, цөөнгүй эмэгтэйг төрөөд гэрийн хорионд ороход хүргэв.
Хөл хорионоос үүдэн нярай өвөө эмээтэйгээ зайнаас уулзаж байна
Твиттер жиргээ. Ирландад хөл хорионы үеэр төрсөн Фоалана бяцхан хүүг өвөө нь цонхны цаанаас эргэж байна.
Эмма Диллон Галлагер гэх эмэгтэй эмнэлэгт төрчихөөд гэртээ буцаж ирэхэд нь түүнийг тэс өөр "ертөнц" угтан авчээ. Учир нь тэрээр хөл хорионоос болж гэрээсээ гарах ч эрхгүй, эцэг эхтэйгээ ч уулзаж чадахгүйд хүрсэн байна.
Энэ талаар тэрээр хэлэхдээ “Ээж, аав маань хүүг минь тэврэхийг маш их хүсч байхад ийм ойрхон хэрнээ ганцхан цонхоор зааглагдаж, тусгаарлагдаж байгаа нь маш харамсалтай” гэжээ. Эмма болон түүний нөхөр Майкл нар эмнэлгээс гараад 14 хоног өөрсдийгөө тусгаарласан тул ийнхүү гэрийнхэн нь цонхон дээр нь очиж эргэсэн байна. Тэд дээрх зургийг твиттер хуудастаа “Гурван үеийн төлөөлөл нийгмийн тусгаарлалтад” нэртэйгээр нийтэлсэн нь 730,000 хүнд таалагджээ.
Тахлаас болж кесар хагалгаануудын зарим нь цуцлагдаж байна
Гэвч дээрх жишээ бол коронавирусээс үүдсэн олон өөрчлөлтүүдийн ердөө нэг нь юм. Харин бусад өөрчлөлтүүдийн хувьд зарим эмэгтэйчүүд гэртээ ганцаараа төрөхөд хүрч байгаа бол зарим нь хагалгаагаар төрнө гэж төлөвлөсөн байсан ч, тэгж чадахгүйд хүрчээ.
Никки болон түүний хүү Стэнли. Зургийн эх сурвалж: BBC
Бидний түүхийг нь өгүүлэх дараагийн хүн бол Никки Деннетт-Торп гэх эмэгтэй юм. Тэрээр гуравдугаар сарын 19-нд буюу Их Британийн бүх сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоохын өмнөх өдөр төрсөн юм. Никки Истборн дахь эмнэлэгт хагалгаагаар төрөхөөр төлөвлөж байсан бөгөөд тэр үед шинэ коронавирусний халдварын улмаас тус эмнэлэг нь халдвартай хүмүүсийг эмчлэх тусгай үүрэг хүлээгээд байжээ.
Никигийн хагалгааны хугацаа ч болж эмнэлгийн халат өмсөн хагалгаанд орохоор тусгаарлах өрөөний гадаа хүлээж байж. Гэтэл эмч нар түүнд хагалгаа хийх өрөө хайж, эцэст нь нэг өвчтөний өрөөнд халдваргүйжүүлэлт хийн, түүнийг оруулахаар болсон байна. Тэрээр халдвартай хүний өрөөнд төрөхдөө санаа зовж байтал азаар эмч нар хагалгааг 24 цаг хойшлуулахаар шийджээ. Дараа нь Никки ч төрж, шинжилгээний хариу нь сөрөг буюу халдваргүй гарсан байна.
Тухайн цаг үеийнхээ мэдрэмжийн талаар Никки хэлэхдээ “Би хүүгийнхээ нүдээ нээж, ертөнцийг анх удаа харах тэр мөч ямар байх талаар гэнэт санаа зовнисон. Стэнли (хүү) төрөөд ээж, аавыгаа анх удаа хартал мэс заслын масктай (нэг удаагийн амны хаалт) байвал ямар байх бол гэж бодсон” хэмээн ярьжээ.
Төрснийхөө дараа Никки болон түүний нөхөр хүүхдүүд 14 хоног тусгаарлагджээ. Стенли хүү дээр дурьдсан Фоалантай адилаар өвөө, эмээтэйгээ уулзаж амжаагүй байгаа аж.
Харин зарим кесар хагалгаагаар төрөхийг сонгосон эхчүүд хагалгаагаа хойшлуулж, зарим нь цуцалж байна.
Эмэгтэйчүүд гэртээ төрөх нь нэмэгдэж байна
Ханна Чесек-Шоу болон түүний нөхөр Родри нар. Зургийн эх сурвалж: BBC
Анх удаа ээж болж буй Ханна Чесек-Шоу өөрийн хүслээр гэртээ төрсөн байна.
Тэрээр "Би хэзээ ч эмнэлэгт очихыг хүсч байгаагүй. Надад хүүхэд минь гэртээ зочны өрөөнд төрж, би төрснийхөө дараа өөрийнхөө орон дээр, гэрийнхээ хоолыг иднэ гэхээр сайхан санагдаж байсан” гэжээ.
Ханна Букингемшир дэх Уикомбын эмнэлгийн ойролцоо амьдардаг бөгөөд төрөх төв хаалгаа хааж, жирэмсэн эмэгтэйчүүдийг гэртээ амаржихыг зөвлөснийг ийнхүү дагажээ.
Жирэмсэн эмэгтэйчүүд төрөлтийн үеийг ганцаараа даван туулах хэрэгтэй болж байна
Ричард, Ребекка ба тэдний дөрвөн настай ихэр хөвгүүд. Зургийн эх сурвалж: BBC
Төрөлттэй холбоотой тулгарч буй өөр нэг асуудал бол ганц бие ээжүүд амаржсаны дараа бусад хүүхдүүдийг нь хэн асрах вэ гэдэгт байна. Коронавирус хэнийг ч ялгахгүй тул олон өвөө, эмээ нар тусгаарлалтад орж, зээ дээрээ очих эрхгүй болоод байгаа.
Мөн нөхөртэй байсан ч, төрөх үеэр нөхөр нь хамт орох боломжгүй болсон нь асуудал үүсгээд байна.
Энэ талаар “Нөхөр минь гараас минь барихгүй, нурууг минь түшиж өгөхгүй, би ганцаараа төрнө гэж бодоход хэцүү байсан ч өөрийгөө зоригжуулсан. Тэгээд бусад асуудлыг мартаад удахгүй төрөх хүүхдээ хүлээн авахад л бэлдэж эхэлсэн” гэжээ.
Дээрх шалтгаанаар Чеширийн сувилагч Ребекка Кэмпбелл мягмар гарагийн өглөө ганцаараа төржээ. Дөрвөн жилийн өмнө тэрээр ихэр хөвгүүд төрүүлэхэд нөхөр нь хамт байсан ч одоо тэгэх боломжгүй болсон нь ихээхэн бухимдал төрүүлсэн байна.
Төрснийхөө дараа Ребекка эмнэлэгт хувийн хамгаалах хэрэгсэлтэйгээр тусгай өрөөнд байна гэж бодсон ч бэлэн өрөө байхгүйгээс тэрээр эмнэлгээс гарч, 2 долоо хоног гэртээ охинтойгоо нэг өрөөндөө тусгаарлагджээ. Тэрээр хэдий өрөөнөөсөө гарч, нөхөр болон ихэр хөвгүүдтэйгээ уулзмаар байсан ч, өөрийгөө халдвар авсан эсэхийг мэдэхгүй тул эрсдэл үүсгэхийг хүсээгүй байна.
Эцэст нь дээрх эмэгтэйчүүдийн хэн нь ч 9 сарын өмнө хөл хүнд болохдоо тахлын үеэр төрнө гэж төсөөлөөгүй. Гэвч Ребекка тэдэнд зориулан "Та бодож байгаагаасаа илүү зоригтой бас хүчтэй” гэдгийг сануулсан юм.
Коронавирус, жирэмслэлт ба төрөлт
Коронавируст халдвар нь жирэмсэн эмэгтэйчүүдэд халдах эрсдэл өндөр байхаас гадна халдсаны дараа илүү хүндээр тусдаг тул гэрээсээ аль болох гарахгүй байхыг мэргэжилтнүүд сануулж байна.
Британийн Хааны эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн коллежийн мэдээлснээр жирэмсэн эмэгтэй халдвар авсан тохиолдолд зулбах эрсдэл нэмэгдэх магадлалтай гэсэн нотолгоо байхгүй ч, одоогоор эх нь вирусний халдвартай бол ургийн хөгжилд асуудал үүсэх магадлалтай нь тогтоогджээ.
Энэ үед эрүүл мэндийн байгууллагынхан нэн тэргүүнд хүмүүсийг аль болох эмнэлэгт ирүүлэхгүйгээр гадуур эмчлэх нь эрсдэлээс сэргийлэх гол арга гэж үзээд байна. Хоёрдугаарт Ковид-19 өвчнийг эмчлэхэд туслах ажилтнуудыг эмнэлгүүдэд хуваарилах, гуравдугаарт эдгээр өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгийн зай талбайг чөлөөлөх явдал чухал болоод байна. Энэ шалтгааны улмаас эх барих төвүүдийг хааж, тусгаарлан эмчлэх тасаг болгон ашиглаж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Х.Үүрийнтуяа