Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо өмнөх жилээс эрс буурсан дүн гарчээ. 2020 онд 63 хүүхэд хараа хяналтгүй байсан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэг хүүхэд хараа хяналтгүй гэж бүртгэгдсэн байна. Энэ нь хараа хяналтгүй хүүхдүүдийг гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгч, эргэн нэгтгэхдээ хууль, эрх зүйн зөвлөмж, мэдээлэл өгч, зарим тохиолдолд торгох зэрэг арга хэмжээ авсан нь нөлөөлжээ. Мөн нийслэлийн хэмжээнд 132 хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа гарсан байна.
Түүнчлэн Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээнд 2021 оны гуравдугаар улирлын байдлаар давхардсан тоогоор нийт 2780 хүнд 19.952 хоногийн аюулгүй байдал, хамгааллын үйлчилгээг үзүүлжээ. Үйлчилгээ авсан иргэдийн 74.3 хувь нь хүүхэд байна. Түр хамгаалах байранд ирж үйлчилгээ авсан хүмүүсийн 30 хувьд нь сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгч, 208 хүүхдийг цахим хичээлд хамруулж, 13 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 866 иргэнийг гэр бүлд нь нэгтгэсэн байна.
2020 онд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулсан бол 2021 онд Баянгол, Налайх дүүрэгт түр хамгаалах байрыг байгуулаад байна. 2022-2023 онд хүн амын нягтаршил ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрыг барихаар төлөвлөсөн талаар албаныхан мэдээллээ.