Ардын намын Их Хурлын үйл явц товчхондоо “Алга ташив”…, “Удтал алга ташив” гэсэн зохиолооор болж өнгөрлөө. Коммунист ах нараасаа сурсан зангаа шинэ үеийн социал демократууд нь хүртэл гээгээгүй л сууж байна. Баталсан зохиолын дагуу хуралддаг тэд өнгөрсөн хоёр өдөрт бүхий л улс төрийн шийдвэрүүдээ гаргачихлаа. Өнөөдөр харин Л.Оюун-Эрдэнийн жижгэрүүлсэн Ардын нам /Бага хурал/ танилцах хурлаа зохион байгуулж, оройдоо танц гишгэнэ.
Тэгвэл гол процесс өрнөсөн өдрүүдэд тавигдсан дарга нарын улс төрийн илтгэлтэй холбоотой зарим зүйлсийн талаар энд өгүүлье.
Эдийн засгийн тусгаар тогтнолыг олохын тулд 100 жилийн өмнөхөөс 100 дахин хүнд замыг туулна
Мэдээж хамгийн анхаарал татсан нь илтгэл нь Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнийх байлаа. Намынхаа нэгэн зууны түүхийг шинэ зуунд өртөөлж буй түүний илтгэлийн гол цөм нь “Эдийн засгийн тусгаар тогтнол” байлаа. Энэ төрлийн тусгаар тогтнолд Ерөнхий сайдын илтгэсэн шиг боомтын асуудал, худалдаа наймаа, аж үйлдвэржилт, хөрөнгө оруулалт гээд зүсэн зүйлийн асуудлууд холбогдоно. Мөн аж үйлдвэржилтийн болон эрчим хүчний сэргэлт гэх хэсэгт өгүүлсэн ган, зэсийн баяжмалын үйлдвэр. Усан цахилгаан станцын ажил тэр дундаа улиг болсон Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэхийн төлөө явна гэж айлдсан. Энэ бүгдийг багцлаад харвал өнгөрсөн зууны турш хоёр талаас хараат байж ирсэн асуудлууд дээр геополитикийн шийдэл гаргана гэж ойлголоо. Хэрвээ тэр уг бодлогоо хамгаалж, бас бүтээн байгуулж чадвал эдийн засгийн тусгаар тогтнолоос гадна эрчим хүчний тусгаар тогтнолыг бас давхар шийднэ гэсэн үг. Харин хоёр хөршөөс ирэх улс төрийн хайчин галыг хэдий хүртэл тэсч, хэрхэн шийдвэрлэхийг ирээдүйн хоног өдрүүдэд хамтдаа ажиглая. Товчхондоо газар зүй, геополитикоосоо хамаарч энэ тусгаар тогтнолыг Ардын намын даргын хүслээр олчихгүй. Магадгүй 100 жилийн өмнө олж байсан улсын тусгаар тогтнолоос ч хэцүү замыг туулах байх.
Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн хамгийн эмзэг цэг нь 100-120 их наяд төгрөгийн төсөв нь болж магадгүй. Энэ төсөв дээр Ардын намынхан дээр дооргүй найрлана. Бараг л чинээлэг иргэдтэй болохоосоо урьтаа, илүү чинээлэг гишүүдтэй нам болчих аюултай.
Намын даргыг шинээр эрх мэдлийн хуваарилалт хийх үед эв нэгдлээ алдаж болохгүй
Генсекийн илтгэл намын гишүүд рүүгээ чиглэсэн өнгө аястай байв. Онцолж болох хоёр өнцөг байсны нэг нь МАХН-аас орж ирсэн нөхдүүдэд хандаж хэлсэн “Нэгдэж нийлсэн намууд эе эвээ эрхэмлээрэй” гэх найрсан сануулга. Дараагийнх нь намын даргынхаа улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд намын сахилга батыг чангалж, гишүүддээ хариуцлага тооцдог болно гэх асуудал байлаа.
Тун удахгүй Л.Оюун-Эрдэнэ даргын дүрээр эрх мэдлийн хуваарилалт хийнэ. Засгаас эхлээд төрийн байгууллагуудаар дуусах энэ их хөл хөдөлгөөний дунд түүвээн үүсгэж, хэвлэл сошиалаар хор шараа тайлах асуудал бишгүй дээ л гарна. Тиймээс ирээдүйд үүсэх энэ асуудлыг таслан зогсоодоггүй юм аа, гэхэд танагтай байгаарай гэж МАН-ынханд сануулах нь зүйтэй.
МАН-ын бүх дарга нар Үндсэн хуулиа засна гэх агуулгыг илэрхийллээ
Ардын намын бүх дарга нар Үндсэн хууль ярьсан. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “1992 онд Үндсэн хууль батлах үед Улсын Их Хурлын нэг гишүүн дунджаар 14 мянга орчим сонгогчийг төлөөлж байсан бол өнөөдөр 26 мянга орчим сонгогчийг төлөөлж байна” гэв. Яг энэ үгний цаанаа УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 99 болгох Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтийн санаа нуугдаж буй юм.
Харин МАН-ын спикер “Үндсэн хуулийн өөрчлөлтийг төгөлдөржүүлэх хэрэгтэй. Энэ ажил удаашралтай байна” гэж айлдав. Хэн удаашруулаад буйг хэлж мэдэхгүй л байна. Бодвол АН-ын хэдэн дуракууд л юм байлгүй. Тиймээс энэ ажлыг хурдлуулахын тулд Үндсэн хуулийнхаа дутуу, хөтүүг Г.Занданшатар дарга дахин гүйцээх бололтой. Товчхондоо ҮХЦ нь мэргэн шийд гаргаад эрх баригчид хууль биелүүлж буй ши жүжгийг харах өдөр ойртсоор буй бололтой.
У.Хүрэлсүх өөрийгөө намдаа нөлөөтэй гэдгээ харууллаа
Илтгэлүүдийн өөр нэг сонирхолтой хэсэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэсэг байв. Тэр уг нь намаасаа татгалзсан. Гэхдээ экс намынхаа хуралд илгээлт гэгчийг явуулж улс төрийн байр сууриа илэрхийлэхгүй өнгөрч чадсангүй. Уг илгээлтийн цөм хэсэг нь улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барина гэдэг мессеж байв. Уг хуулийг өмнө нь хэд хэдэн удаа өргөн барьж батлуулах гэсэн боловч даанч чадаагүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сачий хүртэл хүрээгүй. Гишүүд энэ хуулийг баталж орхивол өөрсдийнхөө хар толгойд уут углаж байгаатай төстэй зүйл болно. Өнөөдрийн завхрал бүхэн явж, явж намтай л очиж холбогдоно. Тэгвэл энэ хуулийг УИХ дээр батлуулна гэдэг бол У.Хүрэлсүхийн нөлөө намдаа ямар байгааг харуулж буй үйлдэл. Намдаа нөлөөгүй амьтан ийм төрлийн хуулиар оролдож дөнгөхгүй. Тиймээс өөрийн орон зайг сануулсан илгээлтийг Ерөнхийлөгч товчхон атлаа, хоржоонтой илгээсэн гэж хэлж болох юм. Нөгөө талаас намын шинэ дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек хоёртой зузаан ойлголцолтой байгаа нь шууд харагдаж байна.
Авлигатай тэмцэх нэрийдлээр Л.Оюун-Эрдэнэ аймаар хүч хураачихлаа
Ардын намын хурлын хамгийн аюултай хэсгийг энэ байв. Авлигатай тэмцэнэ гэхээр гоё сонсогдож байгаа ч, Ардын намынхан энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүсийг хөөж тууна. Бүр цаашлаад албан тушаалаас нь огцруулна гэхээр аюултай болчихож байгаа юм.
Намынхаа дүрэмд өөрчлөлт оруулаад авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол бүх шатны сонгуульд нэр дэвших эрхийг нь хасч, албан тушаалаас нь автоматаар огцруулдаг болчихлоо. Нэг талаасаа зөв зарчим ч гэсэн, авлига албан тушаалын хэргийг хянадаг, шалгадаг хууль хүчний байгууллага нь гүйцэтгэх засаглалын мэдэлд буй. Үүнийг Ардын намын дарга атгаж буй. Яг энэ цаг үед авлигатай тэмцэнэ гэдэг нь намынхантайгаа л тэмцэнэ гэсэн үг. Намынхантайгаа тэмцэнэ гэдэг нь найз нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Манайх шиг авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэг “цэцэглэсэн” газарт энэ бүхэнтэй яс тэмцвэл төрд байгаа хүмүүсийн тэн хагас нь шоронд явах биз. Тэгэхээр энд л ямар нэгэн нугалаа үүсч мэдэхээр байгаа биз.
Намын даргатай асуудал ярьсан, эсрэг дуугарсан хүний өөрийнх нь болон ойрын хүмүүсийнх нь авлига албан тушаалын хэрэг зүгээр өнгөрдөггүй болчихвол яах вэ. Улс төрийн албан тушаалтнуудаас эхлээд УИХ-ын гишүүд нь хүртэл намынхаа “хараанд” орлоо. Намын дүрмийн энэ өөрчлөлтийн хүрээнд тун удахгүй нэгэн ашиггүй хурган дарга суудлаасаа, бас намаасаа хөөгдөж амьд үзүүлбэр болох биз.
Ингээд намын дарга, Засгийн газрынхаа эсрэг дуугарсан хэн ч “толгойгүй” болдог цаг ирэх бололтой. Үүнийг нь мэдэрсэн Г.Занданшатар арга ядахдаа “Авлигатай тэмцэх ажилд УИХ манлайлан оролцоно” гэх үгийг унагаад амжлаа. Ийнхүү Ардын нам утгаараа УИХ, Засгийн газар, төрийн албаны дээр гарч сандайлах боломж бүрдэв. Ядаж байхад ҮХНӨ-өөр урдынх шигээ Ерөнхий сайдыг огцруулдаг байдал хялбар биш болсон. Ялангуяа Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдынхаа талд гараад суучихсан байгаа цагт ЗГ-ыг огцруулна гэдэг ёстой үлгэр.
Ерөнхийдөө ирэх жилүүдэд Л.Оюун-Эрдэнэ намын гишүүдээ муу сайн бүхий л зүйлээр атгах бололтой.
Г.Лхагвадорж