Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орон живсэн хэрэг гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 23:00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч 45 настай Э /эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын 32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байжээ. Автомашины жолооч аюулгүй гарсан байна.
Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 12.02-ны өдрийн 08:30 цагаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.