Монгол Улсын Засгийн газрын ивээл дор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулсан "Цахим үндэстэн-Digital Nation21" арга хэмжээг зохион байгуулахдаа иргэдийн бөөгнөрөл үүсгэж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйлдлийг олон нийт хүчтэй шүүмжилсэн.
Тэгвэл өнөөдөр Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ уг асуудал дээр тайлбар өглөө. Тэрбээр, "Цахим үндэстэн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Өмнө нь цөөхөн хүн ирдэг байсан. Өнөө жил халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажилласан. Арга хэмжээнд орсон хүмүүсийн вакцинд хамрагдсан бичиг баримтыг шалгаж, халууныг үзсэн. Нээлтэд бидний тооцоолсноос их хүн оролцлоо. Бичлэгээс харсан бол хүн бүр дэглэмээ сахиж масктай байгаа. Гадна талбайд явуулсан учраас харьцангуй эрсдэл бага гэж үзсэн.
Нэмж хэлэхэд намайг одоогоор Авлигатай тэмцэх газраас шалгаагүй байна. Компаниуд 100 хувь арга хэмжээг ивээн тэтгэж оролцсон” гэв.