Засгийн газрын аравдугаар сарын 27-ны хуралдаанаар урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй нээхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ дагуу мэргэжлийн урлагийн байгууллагууд тоглолтын хуваариа гаргаад эхэлсэн байна.
Шинээр үйл ажиллагаагаа нээж буй Орфей театрын хувьд Ф.Достоевскийн "Гэм зэм" зохиолыг постдрамын жүжиг болгон дэглэж энэ сарын 27-нд хөшгөө нээнэ. Найруулагчаар М.Батболд, зохиолчоор Я.Баяраа ажиллаж байна.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хувьд энэ сарын 13, 14-нд “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээж, үргэлжлүүлэн энэ сарын 20, 21-нд “Дон Кихот” балетаар үзэгчдийнхээ мэлмийг баясгахаар болжээ.
Харин Улсын драмын эрдмийн театрын хувьд энэ сарын 5-наас эхлэн “Хаадын хаан” жүжгээр үзэгчиддээ бэлэг барихаар болсон.
Монгол Улсын филармони энэ сарын 5, 6-нд “Тэнгэр тал” симфони найрал хөгжмийн концертыг үзэгчиддээ толилуулна.
С.Сувдансондор