Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 9, 10 дугаар саруудад оройн цагаар явж буй иргэдийг дээрэмдэх, эд зүйлийг нь хулгайлах, амь нас, эрүүл мэндэд онц хэрцгийгээр халдах зэрэг гэмт хэрэг бүртгэгдэх болсонтой холбогдуулан тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс гэмт этгээдийг илрүүлэх чиглэлээр ажилласан байна. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 25 настай А гэгч этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Шалгалтын явцад сэжигтэн А нь дараах гэмт хэргүүдийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Үүнд:
-Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А гэх эмэгтэйг 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нярай хүүхдийн хамт гэртээ байхад нь хутга тулган айлган сүрдүүлж хүчиндсэн,
-Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Г гэгчтэй хамтран 15-16 насны 3 хүүхдийг айлган сүрдүүлж, гар утас эд зүйлийг нь дээрэмдсэн,
-Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны орцонд 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө иргэн эмэгтэй С-ийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулан төмрөөр зодож гар утас, цүнхийг нь дээрэмдсэн,
-Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 30 орчим, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 10 орчим автомашины цонхыг хагалж эд зүйл хулгайлсан үйлдлүүд тус тус тогтоогдсон байна.
Иймд иргэд та бүхнийг шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байж, хувь хүний аюулгүй байдлаа ханган, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал, үйлдэлтэй тулгарвал нэн даруй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.