АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг бүлгээс хөөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлаар АН-ын бүлгийн зарим гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал "АН-ын бүлгээс гарсан шийдвэрийг та бүхэндээ танилцуулъя.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. Бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийг УИХ-д хүргүүлэхээр болж байна.
Гишүүн бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр тодорхой заасан. Бүлгийн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Бусад тохиолдолд хэн нэгэн иргэн, бүлгийн дарга зарласнаар бүлгээс гарахгүй" гэв.
Ийнхүү өнөөдөр өглөө УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг хөөж байгаагаа мэдэгдсэн ч нөгөө талд нь АН-ын бүлгийн хэсэг гишүүд хуралдаж, Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлж, Н.Ганибалыг оронд нь томилжээ.