АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг бүлгээс хөөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нарын гишүүд хариу мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Намын дотоод асуудал байна. АН-ынхан нэгнээ хөөж тууж байна. Ядаж байхад нөгөө хөөж байгаа хүмүүст нь эрхзүйн намын дүрмийн чадвар чадавх байхгүй. Бид энэ асуудалд хүлээцтэй хандаж байгаа. Сүхбаатараас сонгогдсон гишүүн Ж.Батсуурийг хөөлөө гэж иргэн С.Эрдэнэ, хуульч О.Баасанхүү гэх хүмүүс мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нь Сүхбаатар аймагт 1990 оноос хойш 8 сонгуулийн 7-д ялалт байгуулж, 6 удаа аймгийн ИТХ-д сонгогдсон. Сүхбаатар гэх улстөрийн хувьд амаргүй сонголттой аймагт УИХ-ын гишүүнээр сонгогдож, АН-ын төлөө туг манлай болоод явж байна. Энэ хүнээ хөөчихөөр АН-д хэн үлдэх юм. Хөөсөн гишүүдээ намд О.Баасанхүүгээс бага хувь нэмэр оруулжээ гэж, АН-ыг хагалан бутаргаад байгаа С.Эрдэнээс бага хувь нэмэр оруулжээ гэж үзэж байгаа нь ямар үйлдэл вэ гайхаж байна.
Энэ бүх үйл явц нь ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болох гэж буй АН-ын "Эв нэгдлийн их хурал"-ыг хийлгэхгүй байх, хагалан бутаргах, зохион байгуулалттай үйлдэл юм. Үүнд бүлгийн даргаар ажиллаж байгаа Д.Ганбат гар хөл нь болоод явж байгаад харамсаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрыг огцруулах ажлыг Д.Ганбат манлайлж байсан. Үүнийг таслан зогсоох гэж бүлгийн гишүүд эсэргүүцсэн гэх мэдээлэл яваад байна лээ. Огцруулах гарын үсэг зурагдсан нь үнэн. Би хамгийн түрүүнд гарын үсэг зурсан. Манайхан ч зурсан. Яг үнэндээ энэ бичгийг сугандаа хавчуулаад, Ардын намтай хэлцэл хийж, АН, Ардын намын хатавчинд сууж, гурван сайд авах суудлыг би хийж гэж бүлгийн хуралд удаа дараа мэдэгдэж байсан. Бид Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн сөрөг хүчний байр суурийг илэрхийлж байсан. Түүнийг харин худалдаж, наймаалцсан. Юун гурван сайд. Айлын хатавчинд очиж суусан. Энэ үйлдлээ таслан зогсоохыг бүлгийн дарга Д.Ганбатаас шаардаж байсан. Гэтэл юун гуя гэдэг шиг сөрөг хүчний байр суурийг илэрхийлж байсан бид буруудаж, өөр байр суурьтай байсан Д.Ганбат улаан хамгаалагч байсан юм шиг увайгүй үйлдэл гаргаж, олон нийтэд мэдээлж байгаад харамсаж байна" хэмээлээ.