Нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээг "айдаст автуулсан" коронавирусийн цар тахал гарсаар даруй хоёр жил өнгөрчээ. Эрүүл мэндийн салбар ч алдаа, оноотойгоо цуг хэлүүлж, өнөөдөртэй золгосон. Бид хөгжлийн явцдаа цар тахлаас үүдэн үнэтэй цаг хугацаагаа хулгайлуулсан талаар ам уралдана. Тиймдээ ч үүнийгээ нөхөхийн тулд цар тахалтай дасан зохицох амьдралын хэв маягтаа шилжиж эхэлж байна. Гэхдээ бид цаг хугацаанаас илүүтэй хамгийн үнэтэй зүйлсээ алдлаа. Энэ бол хүний амь. Өдөрт бүртгэгдэх халдварын тоо бага байвал түүндээ баярлаж, эдгэрч гарсан хүмүүсийнхээ ТООГ харж баярладаг болов. Мэдээж, эдгээр нь биднийг туйлын ихээр баярлуулах мэдээлэл. Харин цар тахал хэмээх өвчлөлөөс болж цаг бусаар амиа алдсан иргэдээ, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлаа бид бодолцохгүй мартсаар байна. Коронавирусийн шалтгаант өвчлөлөөр 1010 хүнээ тэнгэрт дэвшлээ. Эдгээрийн 90 орчим хувь нь архаг, суурь өвчтэй иргэд. Манай улс коронавирусийн нас баралтын тоогоор хамгийн бага нас баралтын үзүүлэлттэй орнуудын эхний аравдугаар байр дотор жагсаж байгаа. Гэсэн хэдий ч биднийг тайвшрах болоогүй гэдгийг "1010" гэх тоо бидэнд харуулж байна.
2020 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монгол улсад коронавирусийн цар тахлын улмаас 76 настай иргэн нас барж, анхны тохиолдлоор бүртгэгдсэн юм. Тухайн иргэн нь цээжний булчин сулрах, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихтэй, чихрийн шижингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй байсан бөгөөд зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь коронавирусийн халдвар хэмээн албаныхан мэдээлж байсан юм. Нас баралтын тохиолдол бүртгэгдсэний дараагаар хүн ам дархлаажуулалтад найдаж эхэлсэн билээ. Ийнхүү халдварын тохиолдол нэмэгдэж, тархалт ихсэж эхэлсэн нь нас баралтын тоонд ч нөлөө үзүүлж 2021 оны долдугаар сард халдварын хоёрдугаар давалгаагаар нас баралтын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн юм.
Нас барсан иргэдийн хавсарсан өвчний дийлэнхи шалтгаалал нь зүрх судасны өвчлөл байна. Үүний дараагаар чихрийн шижин жагсаж байгаа аж. Нас баралтаас сэргийлэхийн тулд өвдөхгүй байх чухал. Эрсдэлт бүлэг буюу хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнууд, архаг суурь өвчтэй иргэд өвчилсөн тохиолдол хүндрэх эрсдэлтэй. Тиймээс таны хажууд, гэрт тань эрсдэлт бүлгийн хүмүүс бий бол та өөрийгөө хамгаалж, бусдыгаа ч хамгаалах нь чухал юм.
Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээтэй асуудлууд шил шилээ даран сонсогдох болсон. Тэр дундаа эмнэлгийн орны хүртээмжтэй байдал. Манай улсын хувьд хүнд болон хүндэвтэр хэлбэрийн өвчтнүүдийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн болон гэрээр эмчлүүлэх хүсэлтэй иргэдийг гэрийн эмчилгээнд эмчилж буй. Гэвч хүнд хэлбэрийн иргэд амиа алдах тохиолдол байсаар байна. Хүн бүр халдварын нас баралтаас сэргийлэхэд өндөр оролцоотой гэдгийг энэ үед ойлгох нь чухал байна. Хөнгөн болон хүндэвтэр өвчтөнүүд гэрээр эмчлүүлэн эдгэх бүрэн боломжтой учраас хүнд өвчтөнүүддээ боломж олгон гэрээр эмчлүүлэх уриалж байна. Ингэснээр хүнд хүмүүс нэн хүнд рүү шилжих, нэн хүнд хүмүүс нас барах тохиолдлоос урьдчилан сэргийлэхэд иргэд бидний оролцоо чухал болоод байна.
Монгол улсад коронавирусийн халдварын нас баралтын тохиолдол батлагдсанаас хойш 2021 оны долдугаар сарын 17-ны хүртэлх тоон үзүүлэлтийг хүргэж байна.