Бид коронавирус, дельта хувилбар ч аль алинд нь дасан зохицож амьдрах шийдвэр гаргасан ч түүндээ зохицох шийдлийг хайсаар өнөөдрийг хүрсэн. Бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг тэвчээр тасрах цэг хүртэл нь хязгаарлаж, оюутан залуус, хүүхэд багачуудынхаа сурч мэдэх алтан цагаас хороож орхисон хоёр жилийн хугацааг эргэцүүлж бодвол халдварын тархалт хэн нэгэн сайд, дарга нарын гаргасан шийдвэрт “захирагдах” бус иргэд олон нийтийн хийх ганцхан үйлдлээс шалтгаална гэдгийг харж болохоор байсан билээ. Гэвч халдварын тохиолдол буурсан үзүүлэлтэд хэт тайвшрахын сацуу вакцинжуулалтдаа найдаж байсан манайханд сүүлийн хэдэн өдрийн гурван мянга давсан тохиолдол сануулга болж байна. Тэр тусмаа хичээл, сургуулийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байх үетэй зэрэгцэн халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа нь үр хүүхэдтэй хэн бүхний санааг чилээх асуудлуудын нэгдүгээрт бичигдэх нь гарцаагүй.
Үүнтэй холбоотойгоор цахим сүлжээнд эцэг, эхчүүд танхимаар хичээллэх шийдвэр оновчтой эсэхэд байр сууриа хуваалцаж эхэллээ. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдээ сургуулийн орчноос л халдвар авах эрсдэлтэй хэмээн харах боллоо. Бодит байдалд томчууд бид өөрсдөө гэр бүлийн орчинд эрсдэл тээж очих хамгийн өндөр магадлалтай хүмүүс. Гадуур хөл хөдөлгөөнд чөлөөтэй зорчиж, хүний бөөгнөрөл ихтэй орчноор үйлчлүүлж, амны уншлага нэртэй халдвар хамгааллын дэглэмээ ч их бага хэмжээгээр мөрдөхгүй байгаа нь нууц биш үнэн. Томчуудын дунд ажлын байрнаас халдвар авах тохиолдол ч их байгааг албаныхан онцолж байсан удаатай. Энэ нь эргээд хайртай дотнын хүндээ эрсдэлд оруулж буй дүр зураг мөнөөсөө мөн. Тиймээс нэг ээж, нэг аав халдвар хамгааллын дэглэмээ баримтлахад ойрын болон дам хавьтлын уртаас урт гинжин хэлхээг үүсгэхгүй гэдгийг энд онцлох нь зүй.
Иргэдийн дунд вакциндаа найдах хандлага ажиглагдсаар. Хоёрдугаар тунтай хэдий ч халдвараар өвдсөн тохиолдол нэлээдгүй бүртгэгдсэн. Хамгийн чухал нь 12-оос доош насныхан вакцинд хамрагдаж эхлээгүй бүлгийнхэн гэдгийг санах хэрэгтэй байна. Ахмад настай, хууч өвчтэй хүмүүст энэ өвчин халтай байгаа. Тиймээс гэр бүл хайртай дотнын хүмүүсээ халдвараас хамгаалахын тулд бид өөрсдийгөө хариуцлагажуулах үүрэг хүлээх хэрэгтэй.
ЭМЯ-аас хичээл, сургуулийн үйл ажиллагааг зогсоох, хөл хорио тогтоохыг дэмжихгүй гэх байр суурийг илэрхийлээд буй. Хэдийгээр албаныхан энэ мэт мэдэгдлийг хэлж байгаа боловч халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, дельта хувилбарын тархалт оргилдоо хүрч, вакцингүй бүлэг болох бяцхан үрс маань халдварт өртөөд эхэлбэл хөл хорио тогтоох гаргалгааг дэвшүүлэхээс өөр сонголтгүй. Иймд асуудал, маргаан үүсгэн байж эхлүүлсэн хичээл сургуулийн үйл ажиллагааг хааж үр хүүхдүүдийнхээ суралцах хугацаанаас нь хумслахгүйн тулд эцэг, эх иргэн бүр хариуцлагаа өндөржүүлэх шаарлага зүй ёсоор үүсч байна. Хүүхдэдээ захиж, сургадаг шигээ үйлдлээрээ үлгэрлэх цаг бол яг одоо. Амны хаалтаа зүү, хүний бөөгнөрөл ихтэй газарт очихоос татгалз, цаг минут тутамд халдвар хамгааллын дэглэм нэгдүгээрт гэдгийг саная.