ЭМЯ-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар вакцины III тун нь нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлжээ. Тиймээс хүн амыг яаралтай III тунд хамруулах шаардлагатай байгааг Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр хэллээ. Өнөөдрийн байдлаар 70 мянган иргэн III тунд хамрагдаад байна.
Шадар сайдын зүгээс хот хоорондын зорчих хөдөлгөөнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, эрсдэлт бүлгийн иргэд, хариу арга хэмжээний багийн гишүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг вакцины нэмэлт тунд хамруулахыг холбогдох албаныханд даалгалаа.
Тэрбээр “Нийт хүн амын 65 хувийг вакцинжуулалтад хамруулсан учраас аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулан халдварын дэглэмээ баримтлаад ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх бодлогыг УОК-оос баримталж байгаа. Сургууль, цэцэрлэгүүд нээгдэж, хөдөлгөөний эрчим нэмэгдсэн энэ цаг үед аль болохоор хатуу хөл хорио тогтоолгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ бүгд дор бүртээ чанд мөрдөж ажиллавал эрсдэлийг даван туулах боломжтой” гэлээ.