Афганистанд хяналтаа тогтоосон "Талибан" хөдөлгөөний дайчид Америкийн хэд хэдэн онгоц, нисдэг тэрэг, пуужинг эзлэн авсан талаар аль-Арабия суваг мэдээлжээ.
АНУ-ын цэргийн удирдлага талибуудын гарт зэвсэг орсонд санаа зовниж байгаа ч дайчдын эзэлсэн техникүүдийг устгах төлөвлөгөө одоогоор байхгүй гэнэ. "Талибуудын дунд нисгэгч байхгүй, техникийн үйлчилгээ хийх боломжгүй тул тэд нисдэг тэрэг, онгоц ашиглахад хүндрэлтэй болно" хэмээн аль-Арабия сувагт эх сурвалж мэдээлжээ.
Хэвлэлүүдийн дамжуулснаар, АНУ зэвсгийн агуулахуудаа дэлбэлэх зэрэг цаашдын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн тулд Афганистанаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлыг дуусахыг хүлээж байгаа гэнэ. Талибууд Кабул дахь нисэх буудлыг хяналтдаа авах хүсэлтээ илэрхийлсэн талаар АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Одоо энэ асуудлыг АНУ-тай хэлэлцэж байгаа гэнэ. Кабулын нисэх буудлыг Америкийн цэргийн алба хаагчид хянаж байгаа бөгөөд Афганистанаас АНУ, холбоотон орнуудын иргэд болон нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд ашиглаж байгаа юм.