Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Эрдэнэбаяр: Өнөөдрийн байдлаар тав хоногийн цусны нөөцтэй байна

Ангилал
Нийгэм COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
5 минут 57 секунд

Цар тахлын хүнд үетэй холбогдуулан цусны нөөцийн асуудал үүссэн. Цусны нөөц хомсдсоноор эмнэлгүүдийн нөхцөл байдал дагаад хүндэрч буй асуудал хөндөгдсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар цусны нөөц ямар хэмжээнд байгаа болоод бусад асуудлаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Цусны нөөц өнөөдрийн байдлаар ямар хэмжээнд байгаа вэ?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж цусаа өгөх байдал тодорхой хэмжээнд буурч байна. Ердийн үед тайван үеийн нөөц гэж цус, цусан бүтээгдэхүүнээ нөөцөлдөг. Өнөөдрийн байдлаар улаан эсийн бүтээгдэхүүний тав хоногийн нөөцтэй байна. Өмнө буюу ердийн үед 14-21 хоногийн нөөцтэй байсан. Энэ нь гурваас дөрөв дахин буурсан үзүүлэлт юм. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Ердийн үед ч зуны цагт иргэд илүү амралтын байдалтай байдаг учраас хөдөө гадаа явснаар бусад саруудтай харьцуулахад буурдаг зүй тогтол байдаг. Цар тахлын үед дунджаар долоо хоногийн нөөц 450-500 орчим нэгж цус цуглуулж байна. Өмнө ердийн үед 650-700 нэгж байсан юм. Энэ нь 30 орчим хувиар буурсан үзүүлэлт.

-Зургаадугаар сарын 3-наас цусаа хандивлах аян эхэлсэн. Энэхүү аян ямар шатандаа явж байгаа вэ?

-Зургаадугаар сарын 3-наас есдүгээр сарын 3-ны хооронд гурван сарын идэвхжүүлэлтийн аяныг зарласан. Аяны хүрээнд 15 ажил төлөвлөсөн. Тухайлбал, донорын сургалт сурталчилгааны ажлыг илүү шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх, цусны доноруудаа алдаршуулах, урамшуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя гэсэн уриатай аяны хүрээнд ирээдүйн доноруудаа бэлтгэх зорилгоор хүүхдийн гар зураг, эсээ бичлэгийн уралдаан явуулж амжилттай оролцсон бүтээлүүдийг олон нийтэд сурталчлах ажлуудыг хийж байна.

-Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ЦССҮТ хэрхэн ажиллаж байна вэ?

-Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд өсөж байна. Нөгөө талаар коронавирусийн халдвартай холбоотойгоор цус өгөлтийн хугацаанд нөлөөлж байна. Цусаа тогтмол өгдөг байсан донор коронавирусийн хөнгөн хэлбэрээр өвдөхөд эдгэснээс хойш сарын дараа цусаа өгөх боломжтой. Хүнд хэлбэрээр өвдсөн бол бүр ч урт хугацаагаар тасалдах юм.
Мөн коронавирус халдварын үед эмчилгээний сийвэн бэлтгэх ажил явагдаж байна. Өөрөөр хэлбэл коронавирус халдвараар өвдсөн, цусаа өгөх боломжтой доноруудаас сийвэнгийн бүтээгдэхүүнийг дангаар нь ялган аваад эсрэг биеийн түвшинг тодорхойлж, халдвар авсан хүнд өвчтөнүүдэд энэхүү сийвэнг эмчилгээний зориулалтаар улам хүндрэх, нас барах эрсдлээс тодорхой хэмжээнд сэргийлж байгаа олон улсын хийсэн судалгаанд үндэслэн энэ ажлыг эх орондоо хэрэгжүүлж байна.

-Донор болохоор зорьж байгаа иргэддээ зориулан мэдээлэл хүргэнэ үү? Цусаа өгөхөд ямар шалгуур үзүүлэлтүүд байдаг вэ?

-17 нас хүрсэн хүн бүр цусаа өгөх боломжтой. Хүний биеэр эргэлдэж байгаа цус биеийн жингийн 6-8 хувийг эзэлдэг гэж үздэг. Тиймээс 45 кг-аас дээш жинтэй эмэгтэйчүүд, 50 кг-аас дээш жинтэй эрэгтэйчүүд цусаа өгөх боломжтой. Нэг удаад 350 юмуу 400 мл цус авдаг. Эрэгтэйчүүд хоёр сарын давтамжтай, эмэгтэйчүүд гурван сарын давтамжтай цус өгөх боломжтой.

Сүүлийн үед техноголийн тусламжтайгаар аферезийн аргаар цус цуглуулах нөхцөл бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл, цусыг бүхлээр нь биш, бүрэлдэхүүн хэсгийг дангаар нь ялгаж авах техноголи юм. Жишээ нь, сийвэн, улаан эс, ялтаст эс зэргийг дангаар нь авч болно. Нэг удаа цусаа бэлэглэхэд гурван хүний амь насыг аварна гэдэг нь нэг хүний өгсөн цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдагтай холбоотой юм.

-Цар тахлын өмнө буюу сүүлийн таван жилийн байдлаар иргэдийн цус өгөх хандлага ямар байсан бэ?

-Цус, цусан бүтээгдэхүүний захиалга, хэрэглээ жилээс жилд өсөж байна. Сүүлийн 10 жилийг харахад 2010-2015 оны хооронд 25 хувиар, 2015-2020 оны хооронд мөн л өмнөхөөсөө 25 орчим хувиар өссөн байна. Үүнийгээ дагаад цус цуглуулалт сүүлийн 10 жилийн шатлалаар авч үзэхэд 65 орчим хувиар нэмэгдсэн. Энэ нь иргэдийн оролцоо сайн байгаагийн илрэл юм. Энэхүү өсөлт нь 2030 оныг хүртэл үргэлжлэх төлөвийг гаргасан.

Манайх шиг хөгжиж буй орнуудад цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ өсдөг дүр зураг байдаг. Эсрэгээрээ өндөр хөгжилтэй, хүн амын эрүүл мэндийн боловсролын түвшин өндөр орнуудад хэрэглээ нь буурсан үзүүлэлттэй байдаг. Жишээ нь, Европын орнуудын хувьд сүүлийн гурван жилийн нөхцөл байдлыг харахад хэрэглээ дээд цэгтээ хүрээд эргээд бууж байгаа нь харагдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцлагыг бэлтгэсэн: Б.Амарбаясгалан

Ц.Даваа: Хүүгийн минь биеийн байдал дээрдэж юм түшээд алхахад нь анх хөлд орсноос нь илүү баярласан
Ц.Даваа: Хүүгийн минь биеийн байдал дээрдэж юм түшээд алхахад нь анх хөлд орсноос нь илүү баярласан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.