Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваа: Хүүгийн минь биеийн байдал дээрдэж юм түшээд алхахад нь анх хөлд орсноос нь илүү баярласан

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 13 секунд

Хүндээр өвчилсөн Э.Ананд хүү ард түмний тусламж дэмжлэгтэйгээр 380 сая төгрөг цуглуулж, эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Э.Ананд хүүг нуруу нугасны хавдраас гадна цусны хорт хавдартай болох нь шинжилгээгээр батлагдаад байсан юм. Тэгвэл өнөөдрийн нэгэн баяртай мэдээ гэвэл Э.Ананд хүүгийн биеийн байдал дээрдэж байгаа төдийгүй, хагалгаа хийлгэлгүйгээр зургаан удаагийн хими эмчилгээний дараа эдгэрэх боломжтой болсон байна. Ингээд бид түүний ээж Ц.Даваатай цахимаар холбогдож ярилцлаа.

-Сайн байна уу. Ананд хүүгийн эмчилгээ хэр үр дүнтэй байна вэ. Биеийн байдал нь ямар байна?

-Гурав дахь хими эмчилгээндээ өнөөдрөөс эхлэн орсон байна. Хоёр дахь хими эмчилгээ нь жаахан хүндрэл өгөн сар гаруй тиймхэн байлаа. Гэхдээ одоо тэнхэрсэн байна. Ирснээсээ хойш хоёр сар гаран эмнэлгээс гараагүй шүү дээ. Дундуур нь бид хоёр нөхөн сэргээх эмчилгээнд ороод хэвтрийн байсан хүү маань одоо босоод яваад байгаа учраас сэтгэл санаа нь маш их сэргэж байгаа.

Хими эмчилгээ нь эхэлчихээр дасгал хийх боломжгүй болно. Хэсэгтээ дасгал зогсох байх. Өнөөдрөөс гурав дахь хими эмчилгээндээ ороод явж байна.

Анх хагалгааны өмнөх цусны шинжилгээн дээрээс цусны хорт хавдартайгаа мэдсэн. Одоо аль алинд нь хими эмчилгээ хийгдээд явж байна. Эхний хими эмчилгээний үр дүнд нуруу нугасны хавдар нь 30 гаран хувиар буурж, зузаанаасаа бас багассан гэсэн үр дүн гарсан. Цусны хавдар нь бас төдий хэмжээнд буусан. Одоо хоёр дахь эмчилгээнийхээ үр дүнг харж амжаагүй байна. Чөмөгний шинжилгээний хариу, хими эмчилгээ таарч байна гэж гарсан. Одоо дөрвөн удаагийн хими эмчилгээ хийгдэнэ.

"Мэс засалд оролгүйгээр нуруу нугасны хавдар болон цусны хорт хавдар эмчлэгдэнэ гэсэн үр дүн гарсан байгаа"

-Солонгост байгаа Монголчууд хэрхэн туслаж байна вэ?

-Дөнгөж ирсний дараа үнэхээр их тусалж дэмжсэн, одоо ч гэсэн тусалж байгаа. Ер нь л солонгост байгаа монголчуудаас бид хоёрыг эргэж ирээгүй, туслаагүй хүн бараг л байхгүй дээ. Хүүг минь тэнхрэх хэрэгтэй гээд хоорондоо групп чат нээгээд хоол хийж авчрах ээлж хүртэл гаргасан байсан. Монголынхоо бүх л ард түмэнд талархаад баршгүй ээ. Найман настай балчраас 80 настай буурай хүртэл бид хоёрт тусалж байгаа.

-Зардал мөнгөний хувьд одоо хүрэлцээтэй байгаа юу

-Зардал мөнгө маань цаашдаа хэд гарахыг таашгүй. Ямартай ч бүх нөхцөл байдлыг судлаад л байна. Солонгосын дуучингаар хүртэл Анандын талаар мэдээ явуулуулсан, Олон Улсын хүүхдийн байгууллага бас байдаг юм байна. Тийшээ бас мэйл бичиж холбогдож байгаа. Нэгэнт зориод ирснийх хүүгээ заавал эдгээнэ.

-Эмч эмнэлгийн ажилчид нь хэрхэн хандаж тусалж байна вэ?

-Эмч нар их хариуцлагатай байгаа. Монголын ард түмэн бүгдээрээ энэ хүүхдийг хүлээж байгаа юм байна гээд мэдэж байгаа учраас хариуцлагатай сайн ханддаг. Мөн Солонгос хүмүүс ч гэсэн орчуулагчаас биеийн байдлыг асуудаг. Хүүгийн маань мэдрэлийн эсүүд сэргэж эхэлж байгаа. Эмч нарын зүгээс ч гэсэн буцаад алхаж гишгэхдээ санаа зоволтгүй гэсэн хариултыг өгсөн.

-Анх очсоноо бодвол одоо таны сэтгэл санаа ямар байна вэ?

-Хүүгийн минь биеийн байдал өмнөхөө бодвол дээрдсэн нь сайхан байна. Юм түшээд алхах үед нь анх хөлд орсноос нь илүүтэй баярласан шүү. Зарим мэдээлийн сайтуудаар хүүг маань бүрэн эдгэрсэн гэсэн мэдээ явж байна билээ. Хэдий бүрэн эдгээгүй ч гэсэн амны бэлгээ бодоод сайхан хүлээж авсан. Гэхдээ хандивын аян үргэлжилж байгаа. Бүх л ард түмэндээ баярлалаа гэж хэлэхийн ялдамд эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе. Монголын ард түмнээр бахархмаар санагдсан шүү.

Харин биднийг ярилцаж байх зуур Э.Ананд хүү амарч байсан бөгөөд ярилцлагийн төгсгөлд тэрбээр сэрж, "Надад одоо ч тусалсаар байгаа Монголын ард түмэн, ах эгч нартаа, найзууддаа баярлалаа" хэмээлээ.

Ч.Дэлгэрцэцэг:  Хүүхдийн толгой өглөөгүүр өвдөж, бөөлжөөд байвал тархины хорт хавдрын шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй
Ч.Дэлгэрцэцэг: Хүүхдийн толгой өглөөгүүр өвдөж, бөөлжөөд байвал тархины хорт хавдрын шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.