Олон нийтийн цахим сүлжээнд тархсан мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” рестораны гадна талбайд бэлдсэн агаарын рестораны ашиглалт аюулгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд МХЕГ-аас өчигдөр хяналт шалгалт хийжээ. Улмаар,
- Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон туршилт, үзлэг шалгалт хийх зааварчилгаагүй нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.19.1 дэх заалтыг;
- Дээрх дүрмийн 8.5.19 дэх заалтын г) хэсэгт Ачаа өргөх кранаар /хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж шилжүүлэх. .../ хориглоно гэж заасныг зөрчиж байгаа нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаар байна.
Тиймээс улсын ахлах байцаагчийн актаар тус агаарын рестораны үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоохоор шийдвэрлэсэн байна.