Монгол Улс хүн амд ногдох хавдрын тохиолдлоороо дэлхийд НЭГТ эрэмбэлэгддэг. Үүний шалтгааныг эмч, судлаачид олон талаас тайлбарладаг. Тодруулбал, уур амьсгал, амьдралын хэв маяг, хоол хүнс зэргийг хавдрын гол шалтгаан болдгийг мэргэжилтнүүд хэлдэг юм. Дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалан дийлэнх монголчууд хавдраар өвчлөх нь элбэг учир урьдчилсан үзлэг, шинжилгээг тогтмол хийх шаардлагатайг зөвлөдөг билээ.
Гэтэл хавдрын нарийн мэргэжлийн нэгдсэн эмчилгээ, үйлчилгээ явуулдаг улсын ганц эмнэлэг болох Хавдар судлалын үндэсний төвд хүнд, хүндэвтэр, хөнгөн биеийн байдалтай хортой, хоргүй хавдраар өвчилсөн болон урьдчилсан үзлэгт хамрагдахаар ирсэн иргэд цөм нэг дор эмнэлгийн үүд сахин суудаг дүр зургийг бид харсаар хэвшил болжээ. Энэхүү дүр зураг өнөөдөр ч ХСҮТ-д хэвээр байна. Хаалгаар ормогц хүлээлгийн танхимд дүүрэн хүн дарааллаа хүлээн суух үеийн үед ачаалал дүүрэн ХАВДРЫН ЭМНЭЛЭГ.....
Тэргэнцэр дээр сууж үсээ авахуулсан ахимаг насны эмэгтэйн дэргэд хүү нь бололтой 30 орчим насны залуу сууна. Яг хажууханд шинжилгээ өгөхөөр ирсэн залуу охин өөрийнхөө ирээдүйг хажууханд суугаа эмэгтэйн дүрээр төлөөлж байна уу гэлтэй гунигтай харагдаж байлаа. Энэ нь эмнэлгийн дотоод зохион байгуулалт гэхээс илүүтэйгээр олон улсын шижигт шилжих цаг нэгэнт ирснийг сануулж байв.
Гэтэл улсдаа ганцхан Хавдар судлалын Үндэсний төвийн газрын эзэмшлийн хойд хэсэгт зөвшөөрөлгүй гражууд барьсан. Уг газрыг ХСҮТ-ийн эзэмшил хэвээр үлдээвэл тэд хавдрын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төвтэй болох боломжтой аж.
Дээрх асуудлаар Хавдар судлалын үндэсний төвийн Бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхантай ярилцлаа. Тэрбээр, "Монгол Улс хүн ам ногдох хавдрын тохиолдлоороо дэлхийд нэгт бичигддэг. Жилд 4,000 орчим хүн хавдрын улмаас нас бардаг гэсэн судалгаа бий. Хавдрын тохиолдлыг бууруулахын тулд мэргэжил, арга зүйгээр хангаж, зөвлөгөө өгдөг нэгдсэн төв байх ёстой. Тэр төв нь бусад улсуудын хувьд үндэсний хавдрын төв эмнэлгийнхээ дэргэд байдаг юм. Бидний гол зорилго нь ХСҮТ-ийн эзэмшил газрын хойд хэсэгт баригдсан зөвшөөрөлгүй гражуудыг нурааж хавдрын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төвтэй болох юм. Ийм төвтэй болсноор бид аймаг, дүүрэг бүрийн нэгжүүдээ зохион байгуулалтад оруулах тогтолцоотой болно.
Энэхүү нөхцөл байдлаа Нийслэлийн газрын албанд танилцуулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ оны гуравдугаар сарын 19-нд ажлын хэсгийнхэнтэйгээ ирж үзээд газрыг чөлөөлөх тухай мэдэгдэн, гражуудыг буулгаж газрыг нь ХСҮТ-д өгнө гэдгээ хэлээд захирамж нь хэдийнээ гарчихсан. Гэсэн хэдий ч захирамж гарснаас хойш дөрвөн удаа гражийг чөлөөлөх шаардах хуудсыг хаалган дээр нь наасан байхад газраа чөлөөлөөгүй хэвээр байна.
Өмнөд Солонгос ходоодны хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг ч нас баралтаар 28 дугаарт явдаг. Монгол ходоодны хавдрын өвчлөлөөр 2 дугаарт, нас баралтаар дэлхийд тэргүүлсээр явдаг.
Өмнөд Солонгосын Хавдар Судлалын Үндэсний төв нь дэргэдээ Хавдрын эрдэм шинжилгээ, сургалтын төв, мөн тусдаа Хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн төвтэй. Тус төв 12 бүсэд Бүсийн хавдрын төвүүд ажиллуулдаг. Нэг бүсийн төв 20 сая ам. долларын төсөвтэй ба үүний 50 хувь улсаас, 20 хувь орон нутгаас, 30 хувь нь үйл ажиллагаанаас санхүүжнэ. Энэ хавдрын төвийн сүлжээгээр эрт илрүүлэг тогтмол явуулдаг тогтолцоотой тул хэдийгээр өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг ч нас баралтаар тэргүүлдэггүй болно. Монголд энэ тогтолцоо шаардлагатай байна. Юуны өмнө ХСҮТ-ийн дэргэдээ Хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн төвтэй байх шаардлагатай байна" гэв.
Хагас жил орчмын өмнө гражийг чөлөөлөх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан атал өдий хүртэл хэрэгжилт дээрээ таг гацсан нь хачирхалтай. Газар өмчлөх, чөлөөлөх асуудал хэзээнээс л хэрүүл уруултай, ажил гүйцэтгэх хугацаа удаашралтай байдаг нь үнэн. 1990-ээд оны ороо бусгаа цагт хууль бусаар барьсан гэх 59 айлын гражийг нураахад төр төмөр нүүрээ харуулахад хүч дутах асуудал үгүйсэн. Ойр хавийн оршин суугчдын ярианаас сонсоход нэр бүхий барилгын компани гражийн эздэд мөнгө төлөн газрыг нь худалдахаар зэхэж буй гэх. Газар чөлөөлөх үйл явцын талаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөрөөс тодрууллаа.
-ХСҮТ-ийн хойд хэсэгт байрлах гражийг хэзээ чөлөөлөх вэ?
-Засаг даргын 250 дугаар захирамжийн хүрээнд ХСҮТ-ийн арын 59 гражийг чөлөөлөхөөр тусгагдсан байгаа. БЗД-ийн газрын албанаас наймдугаар сарын 10-наас 13-ны хооронд газар чөлөөлөх ажлыг хийнэ. Чөлөөлсөн газарт нь ХСҮТ эрт оношилгооны төв баригдах зураг төсөл нь гарчихсан байгаа.
-Чөлөөлөх шийдвэр гуравдугаар сард гарсан атал өдий хүртэл яагаад чөлөөлөөгүй юм бэ?
-Бид тухайн гражуудын хаалган дээр дөрвөн ч удаа шаардах хуудас наасан. Бид хуулийнхаа хүрээнд шаардлагыг хангалттай тавьсан. Иргэд шаардлагыг хүлээж авахгүй байсаар өдийг хүрээд байна.
-Гражаа чөлөөлүүлсэн иргэдэд нөхөн төлбөр төлөх үү?
-Хуулийн дагуу нөхөн төлбөр төлөх боломжгүй. Хуулиараа газар эзэмшигч, өмчлөгчид нөхөн олговор олгох заалттай. Эдгээр иргэд 30-40 жил энэ газрыг зөвшөөрөлгүйгээр ашигласан. Тийм учраас улсаас Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хангах зорилгоор энэ төвийг барих гэж байгаа учраас хуулийн дагуу ямар нэгэн нөхөн олговрын асуудал байхгүй.
Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэдээлснээр газрын асуудлыг ирэх долоо хоног гэхэд шийдвэрлэх юм. Энэхүү асуудал нь нэг талаасаа 59 айлын гражийг чөлөөлөх, эсэх мэт боловч нөгөө талаасаа нийт монголчуудын эрүүл мэндийн эрх ашигт чухал нөлөө үзүүлэхүйц асуудал юм.
Б.Амарбаясгалан