УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод байсан Н.Алтанхуягийн материалыг СЕХ бүртгээгүйтэй холбоотойгоор өчигдрөөс эхлэн Төв талбайд өлсгөлөн зарласан. Энэ асуудлаар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар яригдсан талуудын байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
"Олонх байна уу цөөнх үү гэдгээс үл хамааран хүний эрхийг хангах нь чухал. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс рүү юу ч оруулахгүй байсан. Нэг намын асуудал биш. Монгол Улсад нэг намын хэт дарангуйлал ноёрхож байна. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн үгээ хэлэх, эрхээ эдлэх эрхийг нь хангаач гэдэг шаардлагыг тавьж байна. Өчигдөр маш хүйтэн өдөр байсан. Майхангүй, дэвсгэргүй, АН-ын гишүүд өлсгөлөнгөө үргэлжлүүлсэн" гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
"С.Одонтуяа гишүүн хүний эрхтэй холбоотой санал хэллээ. Хүний эрхийн үндэсний комисс, холбогдох байнгын хороодод асуудлаа хэлээд хэлэлцэж болно. Дэд хороодын дарга нар энэ асуудлыг анхаараарай" хэмээлээ.