УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд талбай дээр өлсгөлөн зарласан хэвээр байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
"Өглөөний мэнд. Манайхан гайгүй ээ. Доороо юм олж дэвсээд гайгүй хонолоо. Нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа. МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрсийг урьдчилаад жиргэсэн байсан. Тэгэхээр сонгууль гэдэг зүйл алга болж, өрсөлдөгчөө захиалдаг болгож байгаад харамсаж байна. Төр түмэн нүдтэй. Цаг нь болохоор учир нь олдох байх. Ард түмэн минь мэдэж байгаа. Цаг сайхан болно. Сайхан өглөө байна. Би их сонин зүйл ажиглалаа. Үзэл бодлоо илэрхийлэх нь хүмүүст боломжгүй болжээ. Талбайд хэдэн давхар бүслэлт хийсэн юм. Бид ч орж гарч болохгүй болсон байна" хэмээв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
"Монголын ардчилал буюу ардаар засаглах тогтолцоо нэг хүний засаглалд шилжиж болохгүй. Өнөөдөр МАН-ын даргын халаасанд СЕХ, Дээд шүүх, УИХ тэр чигээрээ багтсан ийм гунигтай нөхцөл байдалд бид бичиг цаас, өргөдөл, гомдол зөндөө хөөцөлдсөн. Иймд ард түмнийхээ анхааралд орж, ард түмнээсээ дэмжлэг авахаас өөр аргагүй байдалд орлоо. Биднийг дэмжиж байгаа ард түмэндээ маш их баярлалаа. Ялуулаад өгөөч гэж бид ард түмнээсээ гуйсангүй. Ганцхан шударгаар иргэдийг сонголтоо хийх боломжыг бүү хаагаач гэсэндээ тэмцэл явуулж байна. Өнөөдөр иргэдэд МАН-ын Хүрэлсүх гэдэг даргыг заавал сонго гэсэн тулгалтыг МАН болон СЕХ хамтраад бүлэглэсэн дээрэм хийж байна. Үүнийг зогсоохын тулд бид хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд тэмцэл хийж байна. Сөрөг хүчний 13 гишүүн талбай дээр гараад тэмцэл хийлээ. 62 гишүүн дунд нь ухаантай хүн байдаг бол мэднэ биз. Мөнх тэнгэр мэдэж байгаа. Мөнх тэнгэрийн доор МАН ингэж хамаагүй даналзаж болохгүй гэж хэлмээр байна"