"Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай" УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Ажлын баг Оюутолгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч тал Рио тинто компанийн төлөөлөлтэй албан ёсны яриа хэлэлцээг энэ сарын 12-нд эхэллээ.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан тус ажлын баг Оюутолгой төслийн Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлээр хөрөнгө оруулагч талд байр сууриа илэрхийлээд байгаа юм. Учир нь энэ төлөвлөгөөг анх байгуулах үед, Далд уурхайн хөрөнгө оруулах зардал 5.3 тэрбум ам.доллар бөгөөд олборлолт 2021 оны нэгдүгээр сард эхлэхээр байсан. Гэвч энэ хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал даруй 30 хувиар нэмэгдээд байна. Үүний зэрэгцээ Рио тинтогийн хийсэн тооцоогоор, Монголын тал 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй төдийгүй, 22 тэрбум ам.долларын өртэй хоцорно гэсэн нь төлөвлөгөөг дахин сөхөж үзэх шалтгаан болоод байгаа юм.
Ажлын багийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо, “Бидний хувьд, Оюутолгой төслийг Монгол Улсад аль болох ашигтай болгох чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Үүнтэй холбоотой яриа, хэлэлцээр хурдан дуусахгүй болов уу. Учир нь, УИХ-ын 92 дугаар тогтоол маш өргөн цар хүрээтэй. Үүнд, суурь гэрээ буюу 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны хувь нийлүүлэгчдийн гэрээ зэргийг бүхэлд нь сайжруулах, Оюутолгой төслийг цогцоор нь Монгол Улсад ашигтай болгох чиглэлд ажиллах ёстой” хэмээн МҮОНРТ-д өчигдөр өгсөн ярилцлагадаа дурдав.
Мөн тэрээр, Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн асуудлаар хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зургаадугаар сарын сүүл үеэр гарна гэсэн хүлээлттэй байгааг мэдээлсэн юм.
“Оюу толгой” ХХК-д 2018 онд 377, 2020 онд 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Гэвч 2018 онд тавьсан 377 тэрбум төгрөгийн татварын актыг хүлээн зөвшөөрөөгүй тул Лондонгийн арбитрын шүүхэд хандаад байгаа юм. “Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа бол түүнд тохирох хэмжээний татвар төлөх ёстой гэсэн шаардлага тавьж буй Засгийн газрын байр суурийг хамгаална” хэмээн ЗГХЭГ-ын дэд дараг Б.Солонгоо ярилцлагын үеэр онцоллоо.
Ташрамд дурдахад, Оюутолгой төслийн нийт нөөцийн 80 хувийг Далд уурхайгаар олборлоно. Одоогоор, ил уурхайгаар олборлооод, Оюутолгой компани жилийн нэг тэрбум ам.долларын орлоготой байна. Далд уурхай ашиглалтад орсноор, энэ орлого дөрөв дахин нэмэгдэх тооцоолол гарчээ.