УИХ дахь ЭЗБХ-ны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний биелэлт, хүлээгдэж буй төсөл арга хэмжээний асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 2024 оны Хөгжлийн төлөвлөгөөний биелэлт, хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг тодруулах шаардлагатай байна. Би өөрөө ажлын хэсгийг нь ахалж Хөгжлийн төлөвлөгөөг батлуулсан учраас сайн санаж байна. Үндсэндээ 32 асуудал 2024 оны төсөвт суугаагүй.
Оюутолгой төслийн хүрээнд далд уурхай ашиглалтад орж, үр ашгийг нь нэмэгдүүлнэ гэж яриад байгаа. Тогтвортой байдлын гэрээнд зааснаар дөрвөн жил тутамд ТЭЗҮ-гээ батлуулах ёстой. Одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд авч үзэхээр хөрөнгө оруулалтын хэмжээгээр 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ. Баяжмалд байгаа алтны хэмжээг 20 тонноор багасгана. Зэсийн агууламж 1.2 сая тонноор багасна гэсэн зүйлийг дөрвөн жилийн ТЭЗҮ-д тусгасан байсныг харсан. Гэхдээ батлагдаагүй байх.
Оюутолгойн төсөлд ЗГ хэрхэн анхаарч, хамтарч ажиллаж байгаа талаар тодорхой мэдээлэх шаардлагатай байна. УИХ-аас 92 дугаар тогтоол гаргаад ЗГ-т тодорхой чиглэлүүд өгчихсөн байгаа. Биелсэн гээд хаачихсан. Ялангуяа баяжмалын агууламжийн биет хэмжээг тодорхой болгох, лаборатори байгуулж, хөндлөнгийн аудит оруулж, татварын маргааныг хянан шийдээгүй зэрэг олон асуудал шийдэгдээгүй байхад хаасан.
2025 оны 9 сард 1.3 их наяд төгрөгийн татварын асуудал Лондонгийн шүүх дээр яригдах гэж байгаа. Гэтэл бид төлөвлөгөөндөө Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орно, сайн болно л гээд байгаа. Өгөөж нь бодитоор ямар байх нь тодорхойгүй байна.