Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Сар шинийн баяраар билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдөр бүх нийтээр амарна" гэж заасан. Гэвч энэ жил шинийн нэгэн тасарснаас үүдэлтэйгээр монголчууд хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2, 3-нд золголт хийхээр болж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Бум-Очир цахим хуудаснаа ийн бичжээ. Түүний хувьд ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Хэл бичгийн ухааны доктор, Кембрижийн Их Сургууль, Антропологийн ухааны доктор юм. Тэрбээр:
-Цагаан сар бол зүгээр нэг баяр биш бүх нийтийг хамарсан сэтгэл засал юм. Учир нь цагаан сараар уурлаж бухимдахгүй байх, хараасан доромжилсон үг хэллэг хэлэхгүй байх, хүнтэй муудахгүй байх, муудсан бол эвлэрэх, хар буруу, муу муухай зүйл бодолгүй, сайн сайхныг зөгнөн бэлгэдэж, гэгээн цагаан бүхнээр зүрх сэтгэл, оюун санаагаа дүүрэн байлгах учиртай.
Энэ бол “Цагаан сар”-ыг Цагаан сар гэж нэрлэдгийн нэгэн чухал учир шалтгаан. Хувь хүний сэтгэл зүй, нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой энэ онцлог нь цагаан сарыг дэлхийд хосгүй болгодог. Наадам л дэлхийд ганцхан юм биш Цагаан сар ч дэлхийд ганцхан. Учир нь бүх нийтийн сэтгэл заслын ач холбогдолтой үндэсний хэмжээний баяр дэлхийд өөр миний мэдэхээр лав байхгүй.
Тиймээс Цагаан сарыг бусад Азийн оронд байдаг хаврын баяраас илүү зүйл биш гэж ойлгох нь түүний монгол онцлогийг үнэ цэнгүй болгож байгаа хэрэг болно. Хаврын баяр мөн мөн нь мөн боловч Цагаан сар бол давтагдашгүй Монгол онцлог бүхий хаврын баяр гэж ойлгох нь зүйтэй.
Бид Цагаан сарын энэ мэт бусад онцлог, утга чанарыг хойч үедээ өвлүүлэн үлдээж байж Монголын Цагаан сар Монголоороо хадгалагдан үлдэх болно.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!